Дэлхий дахинд хамгийн үнэ цэнтэй, эрэлттэй мэргэжлийн тоонд байгаль хамгаалагч зүй ёсоор багтаж буйг Лондоны амьтан судлалын нийгэмлэгийн харьяа байгаль хамгааллын “Луужин” төрийн бус байгууллагаас мэдээлэв. Олон улсын хэмжээнд 286 мянга гаруй хүн энэ чиглэлээр ажиллаж байгаа нь шаардлагатай орон тооны 35 хувьтай тэнцэж буй гэнэ. Улс орнууд байгаль хамгаалагч мэргэжлийн үнэлэмжийг сайжруулах, элсэн суралцах, ажиллах хүсэлтэй хүмүүсийг дэмжих бодлого баримталж буй ч тэдний аюулгүй байдал, нийгмийн баталгаа, хангамжтай холбоотой таагүй үзүүлэлтүүд үүний эсрэг нөлөө үзүүлэх болжээ.
Тухайлбал, байгаль хамгаалагчдын 56 хувь нь л хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангуулсан, 55 хувь нь амь даатгалд хамрагдаагүй байдаг, 60 гаруй хувь нь цалингаараа амьдралын наад захын хэрэгцээгээ хангаж чаддаггүй гэж “Дэлхийн байгаль хамгаалагчдын тайлан-2024”-т дурдсан байна. Түүнчлэн өнгөрсөн онд 140 байгаль хамгаалагч ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсаны 53 хувь нь Ази тивийнх байж. Үүнтэй холбоотойгоор дэлхийн улсууд байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөлийг сайжруулж, аюулгүй байдлыг хангахад анхаарч эхлэв. Манай улс олон улсын төсөл, хөтөлбөрийн хүрээнд энэ онд 1159 байгаль хамгаалагчийг дөрвөн улирлын, иж бүрэн хувцсаар хангаж, 717-д нь аяны майхан, 45-д нь зориулалтын байр сууц олгон, туулах чадвар сайтай 35 автомашин, 200 мотоцикл нэмэлтээр хуваарилж, судалгааны дуран, гар утас 564, хяналтын камер, агаараас тандан судлах багаж 1066-г өгөхөөр төлөвлөжээ.