Энэ он гарснаас хойш улсын хэмжээнд мал, амьтны гоц халдварт өвчний 101 голомт бүртгэгдсэн байна. Одоогоор мал, амьтны гоц халдварт өвчний улмаас нийт дөрвөн аймгийн таван сумд хорио цээрийн дэглэм тогтоожээ. Мөн нэг аймагт хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлж буй аж. Тиймээс тарваган тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу арга хэмжээ авч буй талаар нийслэлийн Онцгой комиссоос өнгөрсөн баасан гарагт мэдээлэл өгөв.
Нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Д.Оюунбат “Нийслэлийн Засаг даргын захирамжийг энэ сарын 15-наас хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх, Багануур, Багахангай, Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх Авто тээврийн шалган нэвтрүүлэх арван товчоо, маршрутын бус замуудад Экологийн цагдаагийн алба, нийслэлийн Онцгой байдлын, Цагдаагийн удирдах, Мал эмнэлгийн газар, Тээврийн цагдаагийн албанаас 24 цагаар хяналт, үзлэг шалгалт явуулж байна. Шалгалтын хугацаанд 11 удаагийн үйлдлээр 18 тарваганы мах илрүүлсэн. Хууль хяналтын байгууллага шалгаж байна” гэв. Түүнчлэн хүн олноор үйлчлүүлдэг зах, худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийж буй аж. Малын гоц халдварт өвчин нь хүнээс болон тээврийн хэрэгслээр дамжиж малд халдах эрсдэлтэй. Тиймээс орон нутгаас мал, малын гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүн худалдан борлуулахад тавих хяналт, шалгалтыг эрчимжүүлжээ. Шалгалтыг аравдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлүүлэх аж.
Ташрамд дуулгахад, энэ оны эхний долоон сарын байдлаар Улаанбаатар хотод тарваганы мах худалдан авсан болон тээвэрлэсэн нийт 524 зөрчлийг илрүүлжээ. Сүүлийн 14 хоногт 18 500 тээврийн хэрэгслийг үзэж шалган, 18 тарваганы мах илрүүлэн, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шинжлүүлсэн байна. Эдгээрээс тарваган тахал өвчний үүсгэгч илрээгүй аж.