Боловсролын зээлийн сангийн асуудлаар нийгэмд шүгэл үлээсэн О.Сийлэгмаатай салбарын сайд Л.Энх-Амгалан уулзаж ажилд нь эргүүлэн томилох үүрэг даалгаврыг өгсөн талаар өөрийн цахим хуудсандаа (2023 онд) бичиж байв.
Харин сайдын уг мэдээлэлд О.Сийлэгмаа хариуг дараах байдлаар өгсөн. Тэрбээр "Сайд надтай уулзсан нь үнэн. Гэхдээ Боловсролын зээлийн санд очиж ажиллах бодолгүй байна. Учир нь нэгт тэнд шүүхийн эвлэрлийн үeэр очиход аймар байсан. Хоёрт "ам хааж" буй хэрэг л дээ" хэмээн татгалзсан үндэслэлээ тайлбарласан.
Тэгвэл Боловсролын сайд П.Наранбаяр Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргаар О.Сийлэгмааг томилов. Улмаар Боловсролын зээлийн санг илүү ил тод болгож, хүнээс хамаарсан байдлыг бууруулахыг Боловсролын сайд даалгалаа. Өмнө нь тус сангийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан О.Сийлэгмаа боловсролын зээлийн сангийн асуудлаар нийгэмд шүгэл үлээсэн нэгэн. Энэ удаа тэрбээр П.Наранбаяр сайдын саналыг хүлээн авч, албаны даргын ажилдаа орлоо.