Аймгууд улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хөв цөөрөм байгуулж, их хэмжээний нөөц бүрдүүлэн, гадаргын болон гүний усыг хэмнэдэг, гол, нуурын урсцыг тохируулдаг сайн жишиг тогтоож байгааг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас мэдээллээ. Бохирдож, усны түвшин нь эрс багасаад байсан Аварга тосон, зэргэлдээ орших Бүрд нуурт өнгөрсөн онд улсын төсвийн хөрөнгөөр шүүрүүлэх худаг хийж, хөв цөөрөм байгуулсны дүнд өдгөө усны түвшин нь 45 см-ээр нэмэгдээд буй гэнэ. Энэ зун бороо их орсон нь цөөрөмд их хэмжээний ус хуримтлуулж, шүүрүүлэх худгаар дамжуулан нууруудыг тэжээх таатай нөхцөл бүрдүүлжээ. Түүнчлэн Өмнөговь аймгийн Сэврэй сумынхан усны нөөц ашигласны төлбөрийн орлогоос төвлөрүүлсэн хөрөнгөөрөө өнгөрсөн онд 1.8 метр гүнтэй цөөрөм байгуулсан нь 6500 шоо метр ус хуримтлуулаад байгаа аж. Алтайн өвөр говийн сав газрын захиргааныхан үүнийг Усны газраас дэвшүүлсэн “Нэг сум, нэг нуур” санаачилгын бодит биелэл болсон ажил гэж онцлов.