Парисын 2024 оны олимпын тухай: Францын Парис хотноо зуны олимпын XXXIII наадам 2024 оны долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-нд спортын 32 төрлөөр, 329 зай, жин, ангиллаар болж дэлхийн 206 орны 10,714 тамирчид оролцлоо. Наадмын хөтөлбөрт брэйк бүжиг шинээр орж, спорт авиралт, скэйтборд, сөрфингын төрлүүд дахин олимпод багтаж, жендерийн асуудалд анхаарч, эмэгтэй тамирчид оролцогчдын 50% -ийг анх удаагаа бүрдүүлсэн. Наадамд 35 спортын барилга ашигласан ба түр байгууламжууд их байж, тэдгээрийг түүх дурсгалын байгууламжийн дэргэд засч байгуулснаараа онцлогтой байв. Нийтдээ 91 орны тамирчид ямарваа нэгэн медаль хүрсэн бол үүнээс 63 орны тамирчид алтан медальд хүрэв. Албан ёсны бус нэгдсэн дүнгээр АНУ-ын тамирчид 40 алт, 44 мөнгө, 42 хүрэл нийт 126 медальтай тэргүүн байрт орсон бол БНХАУ-ын тамирчид 40 алт, 27 мөнгө, 24 хүрэл нийт 91 медаль авч хоёрдугаар байрт, Японы баг тамирчид 20 алт, 12 мөнгө, 13 хүрэл бүгд 45 медалиар гуравдугаар байрт шалгарлаа. Дөрөвдүгээр байрт Австрали улс (алт 18, мөнгө 19, хүрэл 16 бүгд 53 медаль) айргийн 5 дугаар байрт зохион байгуулагч Францын баг (алт 16, мөнгө 26, хүрэл 22 бүгд 64 медаль) хүртэн наадамд амжилттай оролцлоо. Хэрэв ОХУ-ын баг тамирчид оролцсон бол медалийн тоо, чанар өөрчлөгдөх байв.
Наадмын хамгийн олон алтан медаль хүртсэн тамирчнаар Францын усанд сэлэгч Леон Маршан 4 алт, 1 хүрэл медаль, АНУ-ын усанд сэлэгч Торри Хаске гурван алт, 2 мөнгөн медаль авч, бусад тамирчдаа хошуучлав. Наадмын үеэр спортын 10 төрөлд дэлхийн 17, олимпын 68 шинэ дээд амжилт тогтоогдсон бөгөөд олимпын наадмыг дэлхийн 4,8 тэрбум гаруй хүн үзэж сонирхсон ба цахим технологийн хөгжлийн ололтыг амжилттай ашигласан. Олимпын бэлтгэл ажлын хүрээнд Парис хотын Сена мөрний бохирдлыг шийдэн бүх цаг үеийн туршид хамгийн бага түвшинд хүргэн, хүрээлэн буй байгаль орчны хамгаалалтад чухал дэвшил авчирсан. Наадмыг Парис хот 100 жилийн дараа (1924 он) хүлээн авч явуулан, улсынхаа нийгэм, эдийн засаг, соёлын үсрэнгүй хөгжилтийг гадаад ертөнцөд нээн харуулсан, төрөөс биеийн тамир, спортыг дэмжихэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа, тамирчдынхаа амжилтыг дээшлүүлэх, спортын салбарыг хөгжүүлэн, иргэдийн бие бялдар, эрүүл мэндэд анхаарч, хүчтэй дэмжлэг үзүүлж байгааг илтгэсэн, амжилттай зохион байгуулсан наадам болов. Наадмын нээлтийн ёслолын үйл ажиллагаанд дэлхийн 60 гаруй улсын төр, засгийн газрын тэргүүн урилгаар оролцсон ба Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүндэт зочноор очиж, зарим спортын тэмцээн үзэн, тамирчидтайгаа уулзаж, “Монгол хотхон”-оор зочлон, “Спорт, тогтвортой хөгжлийн дээд хэмжээний чуулга уулзалт”-д оролцов.
Монголын тамирчид Парисын олимпын наадамд хэрхэн оролцов:
Дэлхий нийтээрээ Парисын олимпоор амьсгалсан хагас сарын хугацаанд Монголчууд бид омогшил, баяр бахдал, хүлээлт, харуусал дүүрэн уур амьсгалтай өнгөрүүллээ. Монгол Улс энэ удаагийн олимпыг нэг мөнгөн медальтай дуусгав. Монголын баг тамирчид Парисын олимпод спортын 9 төрөлд 32 тамирчинтай оролцов. Жүдо бөхийн баг 10 тамирчин (эм 5, эр 5) чөлөөт бөхийн төрөлд 9 тамирчин (эм 6, эр 3), буудлага (эм 1, эр 2) тамирчин, хөнгөн атлетик (эм 2, эр 1) бокс 2 эмэгтэй, усанд сэлэлт (эм 1, эр 1) тамирчин, хүндийн өргөлт нэг эмэгтэй, дугуй ба байт харваанд тус бүр нэг эрэгтэй тамирчин очив. Түүнчлэн ОУОХ, тухайн олон улсын спортын холбооны шийдвэрээр бокс -2, жүдо бөх -1, хүндийн өргөлт-1 нийт дөрвөн Монгол иргэн шүүгч, хяналтын шүүгчээр Парисын наадамд ажилласан. Олимпын жүдо бөхийн тэмцээнд 122 улсын 378 жүдоч хүчээ сорьсон. Парисын наадмын эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд 2024 оны дэлхийн аварга Б.Баасанхүү нь Мальта, Австри, Парагвай, Испанийн шилдэг тамирчдыг дараалан ялж, шигшээд Японы бөх Н.Цүнодад ялагдсан. Б.Баасанхүү нь зоригтой, гайхамшигтай техник, арга мэхийг үзүүлсэн барилдааны үр дүнд наадмын мөнгөн медалийг хүртсэн. Монголын тамирчдаас Л. Энхрийлэн -57 кг, Ё.Басхүү 66 кг, Б. Эрдэнэбаяр -73 кг нар нь шагналт 7 дугаар байрт оров. Энэ төрөлд Монголын тамирчид найман удаагийн олимпоос тус бүр 1 алт, 5 мөнгө, 6 хүрэл нийт 12 медаль хүртжээ. Жүдогийн холбооны Ерөнхийлөгч нь сүүлийн жилүүдэд олон сая төгрөгийг гарган, спортын хэрэглэл, материал авч, олон улсын тэмцээнд тамирчдаа явуулан, дотоодын тэмцээнийг олонтоо зохиож, төрийн ажилд чухал дэмжлэг болж, сүүлчийн 6 олимпын наадмаас тасралтгүй медаль хүртсэн амжилтыг гаргаж байна. Жүдо бөхөөс гадна чөлөөт бөх, буудлага, боксын төрлүүдэд Монголын тамирчид медалийн тавцанд зогсоход ойрхон, боломжтой байв. Чөлөөт бөхийн баг тамирчдаас Т.Тулга -65 кг, Д.Отгонжаргал -50 кг, Б.Хулан -53 кг, П.Орхон -63 кг жингийн дөрвөн тамирчин хүрэл медалийн төлөө барилдсан ч сүүлчийн мөчид хожигдон, шагналт тавдугаар байрт орлоо. М. Лхагвагэрэл -125 кг жинд 8 байрт шалгарсан. Өмнөх олимпын үеийн барилдаантай харьцуулахад чөлөөтийн тамирчид олон ялалт авч, жигд, ахисан үзүүлэлттэй оролцсон боловч, бэлтгэлийн ачаалал хэрхэн тохирсон эсэхэд эргэлзэхэд хүрч байна. Эрэгтэй тамирчдын эрх авалт, амжилт доошилсон. Чөлөөт бөхийн холбооны шинэ Ерөнхийлөгч Я.Содбаатар нь тамирчдад тулгамдсан асуудлыг шийдэн, төрөл бүрийн дэмжлэг үзүүлж, хувцас хэрэглэлээр ханган, гадаадад дотоодын олон тэмцээнд баг тамирчдаа оролцуулан, медалийн төлөө өрсөлдөх боломжийг хангаж өгчээ.
Боксын багийнхны олимпын амжилт нь буурч, анх удаагаа эрэгтэй тамирчин олимпод оролцсонгүй. Хоёр эмэгтэй тамирчин орж 4 тоглолт хийн О.Есүгэн -50 кг жинд эхний тойрогтоо хожигдол хүлээсэн бол 54 кг жинд М.Энхжаргал нь Итали, Румыны тамирчдыг хожиж, Италийн боксчинд хожигдон шагналт 5 байрт орсон. Монголын олимпын боксын холбоо нь олимпын эрх олгох эхний тэмцээнд тамирчдынхаа мэдүүлгийг хугацаанд нь явуулаагүйгээс Итали улсад 1 дүгээр сард очсон байсан Монголын тамирчид эрх авах тэмцээндээ оролцож чадаагүй ба холбооны удирдах албан тушаалтны хариуцлагагүй байдал ийнхүү тамирчдыг хохироосон. Холбооны Ерөнхийлөгчөөр Х.Нямбаатар ажиллаж байх үеэд боксын тамирчдын амжилт үзүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэн, гадаадын тэмцээнд амжилттай оролцуулан, боксын хамт олны сахилга бат сайн байсан.
Буудлагын гурван тамирчнаас Э.Даваахүү, О.Есүгэн нар шагналт байрт шалгарч, шигшээ буудлагад оролцсон. Хийн гар бууны 10 метрийн буудлагын дасгалд ОУХМ Э. Даваахүү 33 тамирчнаас 578-21х онооны авч, 7 байраар шигшээд шалгарч, улмаар шигшээд 115-7 оносон амжилтаар шагналт 8 байрт шалгарлаа. Харин Э.Даваахүү нь хийн гар бууны 25 метрийн дасгалд 29 тамирчнаас 587-20х оноогоор 20 байрт багтав. О.Есүгэн нь урт бууны 3 байрлалаас буудах 50 метрийн дасгалд 32 тамирчнаас 589-40х оноогоор 4 байраар шигшээд шалгарч, улмаар 407.6 оноогоор шагналт 7 байр эзэлсэн. О.Есүгэн урт бууны 10 метрийн дасгалд 18 байрт шалгарав. О.Есүгэн, Н.Баяраа нар нь холимог хосын 10 метрийн урт бууны төрөлд орж, 625.4 оноогоор 28 багаас 16 байрт оржээ. Н.Баяраа нь урт бууны 10 метрийн зайд 29 байр, урт бууны 3 байрлалтай 50 м дасгалд 30 байрт шалгарчээ. Буудлагын тамирчдын зарим дасгалд орох мэдүүлэг очоогүй тул оролцох эсэх нь эргэлзээтэй болж, эцсийн мөчид МҮОХ, буудлагын холбооноос олон улсын байгууллагад удаа дараа асуудал тавьсны эцэст наадмын өмнө нааштай шийдвэр гарсан. Цаашид буудлагын спортын тамирчид мэдүүлэг өгөх, ачаалал, бэлтгэлийн дэглэмийг сайтар тааруулах, сэтгэл зүйн бэлтгэлд нь анхаарч байх нь энэ наадмаас харагдлаа.
Хөнгөн атлетикийн эмэгтэй 2 тамирчин марафон гүйлтийн төрөлд 91 тамирчны хамт оролцож, Г.Хишигсайхан, Б. Мөнхзаяа нар 2 цаг 33 мин 26 сек гүйж, дараалан 47 ба 48 дугаар байрт шалгарлаа. Эрэгтэй гүйгч Б. Сэр-од нь 80 тамирчнаас 2 цаг 42 мин 33 сек гүйж 71 дүгээр байрт орж, тэргүүлэгчээс 36:07 мин хоцорсон байна. Байт харвааны тамирчин Б.Отгонболд нь байрлал тогтоох рекурв харваанд 64 тамирчнаас 643 оноогоор 54 байрт шалгарсан. Тэрээр 1/32 нугалаа харваанд Мексикийн М.Грандатай таарч 7:1 харьцаагаар хожигдож, тэмцээнээ өндөрлүүлсэн. Усан спортын тамирчин Б.Энххүслэн нь анх удаа олимпын наадамд албан ёсоор эрхээ авч оролцсон ба эмэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд 1:59.94 мин амжилтаар 2 дугаар гараандаа 6 байрт шалгарлаа. Тэрээр цагийн амжилтаараа энэ зайн 31 тамирчнаас 18 байрт оржээ. Б.Энхтамир нь эрэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөт сэлэлтийн 4 гараанд гарч уралдан 50.81 сек сэлж, гараандаа тавдугаар байрт орон, энэ зайн 79 тамирчнаас 50 дугаар байрт шалгаран, цагийн үзүүлэлтээр Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Дугуйчин С.Жамбалжамц нь бөөн гараатай 273 км-ийн ганцаарчилсан уралдаанд 90 дугуйчнаас 06:28:31 цагийн үзүүлэлтээр 57 байрт шалгарлаа.
Тэрээр цуваа гараатай ганцаарчилсан төрлийн 32.4 км-ийн уралдаанд оролцон, замын нөхцөл байдал хүнд байсан хэдий ч 40:19.93 мин-ийн амжилтаар 28 байр эзэлсэн. Ийнхүү дугуйн спортын төрлөөр 1996 оны олимпоос хойш 28 жилийн дараа С.Жамбалжамц нь олимпын 2 төрлийн уралдаанд гарч, дэлхийн чансаагаа дээшлүүлэв. Хүндийн өргөлтийн тамирчин М. Анхцэцэг нь 81 кг-ын жинд 13 тамирчинтай өрсөлдсөн хэдий ч бэртэл гэмтлийн улмаас өөрийн дээд амжилтыг үзүүлж чадаагүй ба огцом өргөлтөөр 100 кг, түлхэлттэй өргөлтөөр 125 кг, нийтдээ 225 кг-ийн амжилтаар жиндээ 10 байрт багтав. Өмнөх 2020 оны Токиогийн олимпын үр дүнтэй харьцуулбал Монголын баг тамирчдын амжилт Парисын наадамд огцом буурсан. Токиод Монголын баг тамирчид спортын 10 төрөлд 40 эрх авч, 43 тамирчин (3х3 сагсан бөмбөгт -4 тамирчин) орж байсан бол энэ удаа эрхийн тоо наймаар буурч, тамирчны тоо 11 хүнээр хорогдон, 1 спортын төрлөөр ухарсан. Токиод 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж, 71 байрт орж байсан бол Парисын олимпод жүдо бөхийн төрлөөс 1 мөнгөн медаль хүртэн 74 дүгээр байрт шалгарч, медалийн тоо гурваар буурсан. Ази тивийн хэмжээнд спортын амжилтаараа 16 байрт орлоо.
Парисын 2024 оны олимпын ДҮГНЭЛТ:
БТСУХ-ноос 2024 оны дөрөвдүгээр сарын 24-нд болсон Ерөнхий сайд болон Олимпод бэлтгэх үндэсний хорооны гишүүдэд хийсэн мэдээлэлдээ Монгол Улсын баг тамирчид “Парис-2024” олимпын наадамд спортын 12 төрөлд 45 эрх авч 4-5 медаль хүртэх зорилго тавьж буйгаа хэлсэн. Гэтэл яагаад энэхүү зорилт хэрэгжсэнгүй вэ? Энэ нь ямар ч үндэслэлгүй, сэтгэлийн хөдлөлөөр хийсэн судалгаа, тооцоо байв уу?. Тухайн улс орны их спортын амжилтыг дэлхий нийтэд дүгнэх нэг л үзүүлэлт байдаг. Тэр нь олимпын наадмаас хэдэн медаль авч байгаагаар тодорхойлогддог. Энэ удаа Монгол Улс нэг мөнгөн медаль хүртэж, олимпын нэгж медальд оногдох хүн амын тоогоор Монгол Улс хамгийн доод түвшиндээ хүрсэн үзүүлэлт болов. Бээжингийн 2008 оны олимпод алт-2, мөнгө-2 медаль, Лондонгийн 2012 олимпоос 2 мөнгө, 3 хүрэл медаль, 2016 оны РИО -2016 олимпоос 1 мөнгө, 1 хүрэл, Токио 2020 олимпоос 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн байлаа. Өнгөрсөн 4 наадамтай ийнхүү харьцуулан үзэхэд хангалтгүй оролцсон гэж дүгнэв. Монгол Улс хамгийн сүүлд 2004 оны Афины олимпыг л нэг хүрэл медальтай өндөрлүүлж байсан. Түүнээс хойш олимп бүрээр дор хаяж хоёр медаль авч байлаа.
Олимпын тамирчдын бэлтгэл сургуулилтаас гадна хувь тамирчны ур чадвар, хүрсэн түвшин, онцлог чанар, авьяас чадвар, арга мэхийг хөгжүүлэх дасгалжуулагчийн ур ухаан, мэдлэг, чадвар ихээхэн нөлөөлсөн олимп боллоо. Дасгалжуулагчийн ур чадвар, мэдлэг боловсролыг дээшлүүлэх чиглэлд онцгой анхаарах шаардлагатай нь харагдлаа. Спорт холбоод сургалт дасгалжуулалтын шинэ арга барил нэвтрүүлэх тал дээр ахиц дэвшил гаргаж, сэтгэл зүйчтэй ажиллах, жин хасах, хооллолтын дэглэм барих тал дээр анхаарч байгаа нь олимпод шинжлэх ухаанчаар өрсөлдөж амжилт гаргаж байгааг гадаадын орнуудын түвшинд хүрч чадахгүй байна. Бидэнтэй хөгжлийн нэг гараанаас гарсан Узбекстан улс 8 алт, 2 мөнгө, 3 хүрэл нийт 13 медальтай, Киргизстан улс 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн байна. Бид их спортын хөгжлөөрөө тэднээс хол хоцорч явна. Ядах нь ээ тэдний амжилт ололтыг олж мэдэх, туршлага судлах хэрэгтэй. Бид чухам юун дээр алдав.
Олимпод хангалтгүй оролцсон байдлыг биеийн тамир, спортын төрийн байгууллагын удирдлага, зохион байгуулалтын ажилтай холбож үзэх хэрэгтэй. Төрийн төсвийн мөнгийг Биеийн тамир, спортын улсын хороо (БТСУХ) хэмээх төрийн агентлаг захиран зарцуулж байна. Энэхүү хороог 2020 оноос Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд, 2022 оноос эхлэн Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороог байгуулж, Монгол Улсын сайдаар удирдуулж байсан бол олимпын өмнөх Засгийн газрын бүтцийн өөрчлөлтөөр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд хариуцахаар болсон. Мэдээж эдгээр байгууллагыг удирдаж байсан хүмүүс дээр хариуцлагын асуудал яригдана. БТСУХ-ны дарга нь 2023 оны 1 сараас хойш үүрэг гүйцэтгэгч даргатай байгаа нь ажилд цалгар назгай хандах, хариуцлагагүй байдлыг үүсгэх үндэс болсон. ТАЗ-өөс сонгон шалгаруулалт зарладаг хэдий ч нэр дэвшигч нар нь тухайн албан тушаал ба төрийн албанд ажилласан жил нь хүрэхгүй шалтгаанаар бүртгэлээс хасагдаж, шалгалт зохиогдохгүй байжээ.
Монгол төрийн нэг чухал ажлыг хариуцах спортын салбарын төрийн удирдлагын асуудалд анхаарах хүн өнгөрсөн хугацаанд байсангүй. Олимпын наадмын тамирчдын үндсэн бэлтгэлийн үйл ажиллагаа нь БТСУХ-ны бүтэц дэх үндэсний шигшээ багийн (ҮШБ) хэлтсээр дамжин хэрэгждэг боловч их спортын бодлогыг хэрэгжүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээ авах, МҮОХ болон спортын холбоодтой ажиллах, цаг үеийн шуурхай асуудлыг шийдвэрлэх, зохицуулах, тамирчдын бэлтгэлийн явцад хяналт тавих, ҮШБ-ийн дасгалжуулагч, тамирчдын сонгон шалгаруулалт, олимпын бэлтгэлээ үе шатаа оновчтой зөв тогтоох, төлөвлөх, даалгавар зөвлөмж өгөх, хяналт шалгалт явуулах, үр дүнг цаг хугацаанд нь тооцохгүй байснаас Монголын баг тамирчид нь Парисын олимпын наадамд хангалтгүй дүнтэй оролцлоо гэж дүгнэж болно. Спортын холбоод тухайн спортыг хөгжүүлэх чиглэлээр ихээхэн анхаарч, төрийн байгууллагатай ажиллаж байгаа боловч тухайн холбооны байнгын орон тоогоор ажиллах боловсон хүчин, санхүүгийн чадавх дутагдаж, ажил хариуцах мэргэжилтэн, тамирчин, дасгалжуулагч нартай ажиллахад ихээхэн дутагдалтай байна. Ихэнх спортын холбоодын мэргэжилтнүүд сайн дурын үндсэн дээр, орон тооны бусаар ажилладаг. Иймээс олимпод оролцдог спортын холбоодын чадавхыг сайжруулах арга хэмжээг цаашид авах ёстой. Спортын холбоодоос жүдо, чөлөөт бөх, буудлагын спортын холбоо гэх зэрэг холбоод нь олимпын бэлтгэлийн ажилд бодлого, чиглэл, зохион байгуулалтай сайтай ажиллаж, хөрөнгө гаргах, хүн хүчээ төвлүүлэх, олимпын эрх авах, оролцох асуудалд хариуцлагатай хандаж иржээ. Монгол Улсад Спортын төв ордон, буудлага спортын “Техникийн спортын төв”-өөс өөр төрийн өмчийн ҮШБ-ийн тамирчдын бэлтгэлийг хангах төвлөрсөн байгууламж байхгүй байна. Гэтэл дэлхийн ихэнх оронд тусгайлсан олимпын бэлтгэлийн төвтэй байдаг.
Тэнд нэгдсэн хэлбэрээр олимпын бэлтгэлийг хийж тив, дэлхийн хэмжээний томоохон тэмцээнд оролцох нь үр дүнтэй гэдгийг бусад орны туршлага бидэнд харуулж байна. Манай улсын хувьд нэгдсэн бэлтгэлийн төвгүй тул зориулалтын бус байгууламжийг ашиглах, заалыг түрээслэх байдлаар бэлтгэлээ базаасаар ирлээ. Тиймээс голлох спортын төрлүүдийг нэгдсэн байдлаар бэлтгэл хийлгэх, спортын эмнэлэг, эрдэм шинжилгээний нэгж, дотуур байр, хоолны газар, хүчний болон фитнесийн бэлтгэлийн заал, орчин үеийн стандартад нийцсэн төвийг нэн тэргүүнд байгуулах шаардлагатай байна. Түүнчлэн ҮШБ-ийн спортын төрлүүдийн тамирчин, дасгалжуулагч нарын олимпын бэлтгэлийн үйл ажиллагаа, өдөр тутмын бэлтгэл, цугларалт, олон улсын болон олимпын эрх авах тэмцээнүүдэд оролцуулахад эрдэм шинжилгээ, эмнэлэг хяналтын үйл ажиллагааг БТСУХ-ны харьяа Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн мэргэжилтнүүд, спортын эмч, эрдэм шинжилгээний ажилтан нар зохицуулан ажилладаг ч шинэхэн байгуулагдсан тус төв нь энэ удаа өөрийн үүргээ бүрэн биелүүлж чадсангүй.
Энэхүү олимпын бэлтгэлийн үе шатанд спортын сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлгийн багийг спортын шилдэг эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй байгуулсан ажиллуулсангүй. Харин ардын багш Ч.Насантогтохоор удирдуулсан 17 хүний бүрэлдэхүүнтэй тусгай ажлыг хэсэг томилогдон, цалин хөлс авч ажилласан ч тэдний гаргасан тамирчдын сургалтын төлөвлөгөө, хуваарь нь шинжлэх ухааны үндэслэл муутай, батлан мөрдүүлэх ажил хангалтгүй, тамирчны ачаалал, дасгалжуулалтыг тохируулах, ядралтыг бууруулан сэргээх, явцын үр дүнд дүгнэлт хийх, хяналт тавих, орчин үеийн сургалтын арга зүйг нэвтрүүлэх, тамирчдын сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлэх ажил нь дутагдалтай явагдсаныг Парисын олимпод Монголын тамирчдын үзүүлсэн амжилтаас харж болно. Парисын олимпын наадмын бэлтгэлд Монгол Улсын төр, засгийн зүгээс болон биеийн тамир, спортын байгууллагаас ихээхэн анхаарал тавьж, ач холбогдол өгч ажилласан ба ҮШБ-ийн бүрэлдэхүүнийг жил ирэх тусам нэмэгдүүлж ирсэн нь олон улс, тив, дэлхийд үзүүлэх амжилтыг дээшлүүлэн ялангуяа сүүлийн 2 жилд спортод оруулах санхүүжилт нэмэгдсэн нь тамирчдыг бүх тэмцээндээ сааталгүй орж, гадаад, дотоодод олон арван бэлтгэл цугларалтад гаргах нөхцөл бололцоо бүрдэн, тамирчдын өрсөлдөх чадвар нэмэгдэн, тэдний бие бялдар, техник, тактикийн үйл ажиллагаа сайжирч, бэлтгэлийг сайн хангуулахад чухал ач холбогдолтой болсон. “Биеийн тамир, спортын тухай” хуулийн дагуу Олимпын наадамд бэлтгэн оролцохтой холбогдсон Засгийн газрын удаа дараагийн тогтоол, шийдвэрүүд гарч нь тамирчдыг олимпын наадамд амжилттай оролцох, дэмжих хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлсэн байсан. Засгийн газар, Сангийн сайдын зүгээс 2024 оны олимпын бэлтгэл ажилтай холбоотой хөрөнгө, санхүүгийн асуудлыг цаг хугацаанд нь саадгүй, боломжийн хэмжээгээр шийдвэрлэж өгсөн ба харин хэрхэн үр дүнтэй зарцуулсан асуудал дахин сөхөгдөн яригдах ёстой.
Парисын олимп нь Монгол Улсаас зургаан цагийн зөрүүтэй, цаг агаарын хувьд халуун нөхцөлд болж, газар зүйн байрлалын хувьд хол байсан нь тамирчдад зарим талаар сөрөг нөлөөлөл үзүүлсэн байх талтай. Парис хотноо Монголын олон арван спорт сонирхон дэмжигчид очиж тэмцээнийг газар дээр нь үзэж, тамирчдаа хөгжөөн дэмжиж, баяр хүргэж байсан нь тамирчдыг сэтгэл зүйн хувьд дайчин давшингуй байх, өрсөлдөгчийг нь дарамтлах, өөрийн тамирчдад эерэг байдал үүсгэхэд дэмжлэг болж байсныг энд тэмдэглэх хэрэгтэй. Олимпод бэлтгэх нь зөвхөн нэг олимпын дөрвөн жилийн мөчлөгт хийгддэггүй, доод тал нь 4-8 жилийн турш системтэйгээр тамирчныг урт удаан хугацаанд бэлтгэж байж медалийн түвшинд хүргэх, амжилттай оролцуулах үйл ажиллагаа суурь тавигдаж, энэхүү ажил залгамж шинж чанартай явагддаг онцгой үйл ажиллагаа юм. БТСУХ-г өмнөх олимпын үед 2016-2022 оны хооронд 6 жил дараалан удирдан ажиллаж ирсэн Ц.Шаравжамцын үед хийгдэж байсан их спортын ажил нь үр дүн муутай, цаг үеэ аргацаасан, гаргасан амжилт нь хиймэл, хөөсөрсөн байдалтай байсныг энэ удаагийн олимпын наадам харууллаа. Одоо ч түүний удирдлагад ажиллаж байсан дийлэнх хүмүүс БТСУХ-нд ажиллаж байгаа ба үүнтэй зэрэгцүүлэн биеийн тамир, спортын салбартаа өөрчлөлт шинэчлэл хийх, салхи оруулах, хариуцлага тооцох, олон жил бугшсан асуудлаа шийдэх цаг нь болжээ гэж үзлээ.
Олимпын тосгон дах Монголын багийн удирдлага хангалтгүй байв. Анхлан томилсон багийн ахлагч нь хүндэтгэх шалтгааны улмаас Парист очсонгүй. Орлон ажиллах хариуцлагатай мэргэжилтэн байсангүй. Зохион байгуулалтын ажлыг МҮОХ-ны аппаратын олон жил ажилласан хүмүүс хийж байгаа ч мэргэжлийн бус үйл ажиллагаа, ойлголтын зөрүүтэй байдал ажиглагдав. Энэ нь олимпын мандатын квот олгох асуудал дээр ил тод харагдлаа. Мандат олголт бол МҮОХ-ны үндсэн чиг үүргийн ажил. Тамирчны сэтгэл зүйч, хоол зүйчийг олимпын бүрэлдэхүүнд оруулаагүй үлдээсэн нь олон нийтийн зүгээс маш их шүүмжлэл хүлээж байна. Тэдний квотыг МҮОХ нь боломжтой хэлбэрээр шийдвэрлэх ёстой л байсан. Спортын сэтгэл зүйч, болон хоол зүйчийн зардлыг нь БТСУХ шийдэх байсан ба ажилдаа хайхрамжгүй хандсан асуудал болсон. Алс хол Бразилын олимпод 2016 онд Монголын баг тамирчид өөрсдийн тогоочтойгоо хамт очин, тохирсон хоол ундыг газар дээр БТСУХ хариуцан хийж байсан юм. Сэтгэл зүйч нар нь очсон, тамирчидтай ажиллаж байсан туршлага бий. Парисын олимпын үеэр Франц улсад суугаа Монгол Улсын Элчин сайд У.Нямхүү, ЭСЯ-ны хамт олон маш их сэтгэл гарган, идэвх санаачилгатай ажиллалаа. Энэхүү хамтын ажиллагааны үрээр улс эх орноо олимпын үеэр сурталчлах “Монгол хотхон”-ыг МҮОХ-ны санаачилгаар хамтран байгуулан ажиллуулж, баг тамирчдыг хүлээн авч уулзах зэргээр олон төрлийн ажилд дэмжлэг үзүүлсэн. Францын биеийн тамир, спортын үйл ажиллагааны сайн туршлагыг судлан, Монголын спортын удирдах хүмүүст ярьж, хэрэгжүүлэхийг зөвлөж байсан. Тухайн оронд улсаа төлөөлөн суугаа Элчин сайд зүтгэлтэй, санаачилгатай байвал ямар их зүйл амжуулж болохыг У.Нямхүү сайдын жишээнээс харж болохоор байна.
Монгол Улсын Засгийн газраас шийдвэр гарган, олон байгууллагын оролцоо, дэмжлэгтэйгээр Парис хотноо олимпын өдрүүдэд “Монгол хотхон”-г байгуулан ажиллуулж, дэлхийн 200 гаруй улсын жуулчид болон олон улсын байгууллага, олимпод оролцогчдод нүүдэлчин ахуй өв соёлоо таниулан сурталчилж, үндэсний бөх, сур, шагайн харваа, уран бийрийн бичлэг, “Хөсөгтөн” хамтлагийн тоглолт, ардын бүжиг, уртын дуу, бий биелгээ, уран нугаралтын үзүүлбэрийг өдөр бүр 6-7 удаагийн нэгдсэн хөтөлбөрөөр явуулан, үндэсний хоол ундаар үйлчлэх зэрэг олон талт арга хэмжээг амжилттай зохион байгуулан өдөртөө 2,5-3,000 хүн зочлон ирж, 16 хоногийн турш амжилттай ажиллан эх орноо сурталчилж байсныг сайшаан тэмдэглэх ёстой. Энэ удаагийн олимпын наадмыг “Централ” телевиз, “Премиер спортс” телевизийн 1-5 дугаар сувгийн уран бүтээлчид, сэтгүүлч, бусад хэвлэлийн байгууллагын олон төлөөлөгчид Монголын тамирчдын амжилтыг газар дээрээс нь шууд нэвтрүүлэн харуулж, олон тооны мэдээ бэлтгэн гаргаж, ард түмэндээ хүргэх арга хэмжээг сайн зохион байгуулсны зэрэгцээ өөрсдийн тамирчдын талаарх мэдээллийг цаг тухай бүрт нь гаргаж, тамирчдынхаа амжилт, ялалтын агшныг ард түмэндээ хүргэн, тамирчдыг холбох гүүр нь болж чадсан.
Парисын олимпын СУРГАМЖ:
Дараагийн олимпын наадам АНУ-ын Лос Анжелес хотноо 2028 оны долдугаар сарын 14-30-нд явагдахаар товлогдсон. Бид энэхүү олимпын наадам дээр алдсан зүйлсээ бодох, цаашид хийх ажилдаа сургамжтай хандах нь чухал байна. Олимпын наадамд 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг Унгарын Дебрецен хотноо эрхээ авч оролцох хэмжээнд бүрэн бэлтгэгдсэн мөртлөө олимпын эрхийн тэмцээн дээр тамирчин А.Анандын гаргасан, сахилга бат, ёс зүйн зөрчил нь түүнийг тэмцээнээс хасагдахад хүргэн, Монгол Улс болон багийн бусад тамирчны эрх ашгийг хохироосон хэрэг явдал гарсан.
Хэрэв А.Ананд хасагдаагүй бол Францын багийг хожин, олимпын эрхээ авч, түүгээр ч барахгүй олимпын медальт байрт шалгарах боломж ч байлаа. ҮШБ-ийн бүрэлдэхүүнд 2020-2024 оны хугацаанд бэлтгэлээ хангаж, төрөөс зардлаа авч байсан тамирчид олимпын эрхээ авч чадалгүй улсын төсөв хөрөнгийг үр дүн муутай ашигласан. Цаашид бодлогоор олон улсын шүүгчийг бэлтгэх, олимпод шүүгчээр оролцуулах явдал орхигдсон нь Монголын тамирчдын амжилтад сөргөөр нөлөөлсөн байх талтай. Чөлөөт бөхийн төрөлд энэ удаагийн олимпод олон улсын шүүгч явсангүй. Чөлөөт бөхөөр Монгол Улс олимпын зэрэглэлийн шилдэг шүүгчтэй байсан үе саяхан санагдана. Олимпод амжилт үзүүлж буй тамирчдын амжилтад ялангуяа тулаантай спортын төрлүүдэд шүүгчийн нөлөө маш их байна. Иймд олимпод орж байгаа бусад спортын төрлүүд дээр Монголын шүүгчийг нарыг бэлтгэн сургах, олон улсын семинар, сургалтад оруулах, тэмцээнд улсын зардлаар явуулж, дадлагажуулах шаардлагатай. Монгол тамирчны ялалтыг буруу шүүсэнтэй холбоотой зөрчил, оноо өгөөгүй зэрэг байдал нь ихээхэн шүүмжлэл дагуулсан.
Дасгалжуулагч нараа спортын төрөл бүр дээр нь бэлтгэх, гадаадад сургах, мэргэжлийг нь дээшлүүлэх, ур чадварыг нь сайжруулах, авьяаслаг мэргэжилтэн, менежерүүдийг төрүүлэхгүй бол олимпын амжилт ахихгүй байгааг Парисын олимп харууллаа. Спортын дасгалжуулагч нарын тоо нь хүн амын тоотой харьцуулан үзэхэд улсын хэмжээнд маш цөөн байгаа ба орон тоо нь байхгүй, дутагдалд орсон байдалтай байна. Дийлэнх нь биеийн тамирын багшийн мэргэжлээр төгссөн хүмүүс спортын дасгалжуулагч хийж байгаа ба эсвэл их спортын замналаа дуусгасан тамирчид нь дасгалжуулагч болдог. Монголд явагдаж байгаа богино хугацааны олон улсын сургалтууд ч төдийлөн үр дүнгээ өгсөнгүй. Түүнчлэн дасгалжуулагч нарын спортын бэлтгэл сургалтыг удирдах арга барилыг ч өөрчлөх цаг болжээ. Манай улсын тамирчдын олимпын тэмцээний төгсгөл хэсэгт оноо алдан ялагдаж байгаа нь сургалт дасгалжуулалтыг удирдаж байгаа багш нараас шалтгаалж байна. Монгол хүний байгалийн өгөгдөл, тэсэн үлдэх авьяас чадвар дээр суурилсан бэлтгэл явагдаж байгааг өөрчлөн шинжлэх ухаанчаар, системтэй хөгжүүлэх арга барил дутагдлаа. Түүнчлэн тамирчид, дасгалжуулагчийн харьцаа хандлага, ёс зүйн харилцаа, хариуцлагын асуудлыг тодорхой болгох хэрэгтэй.
Манай улсын баг тамирчдын бэлтгэл дасгалжуулалтын торгон ирийг тохируулах ажил хэр хийгдсэн эсвэл хэт ачаалал авсан уу, бэлтгэл дутуу байв уу гэдгийг спортын эрдэмтэн, мэргэжлийн хүмүүс тогтоох шаардлагатай. Өндөр зэрэглэлийн тамирчдыг бэлтгэх чадвар, дадлагатай дасгалжуулагч нарыг ҮШБ-т сонгон ажиллуулах, мэргэжлийг нь дээшлүүлэх ажлыг тогтмол хийх шаардлагатай. Тамирчдыг бэлтгэх, арга мэх, тактикийн арга ажиллагааны орчин үеийн мэдлэг, мэдээллийг тэдэнд өгөх тал дээр төрөөс анхааран ажиллавал зохино. Ер нь спортын төрөл бүрийн дасгалжуулагч, сэтгэл зүйч, хоол зүйч, судлаач нарыг тусгайлан бэлтгэх үүднээс МУБИС-ийн биеийн тамирын сургуулийн материаллаг баазыг түшиглэн “Биеийн тамирын их сургууль”-ийг тусад нь байгуулах цаг үе нь одоо болжээ. Цаашид биеийн тамир, спортын шинжлэх ухаан, технологи, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг нэгтгэн энэхүү их сургуулийн бааз дээр бий болгон ажиллуулах нь зүйтэй. Олимпын наадамд амжилтад нөлөө үзүүлэхүйц спортын материал, хувцас хэрэглэл, сургалт дасгалжуулалтад шинэ техник технологийн ололт, хиймэл оюун ухааны дэвшлийг ч өргөнөөр ашиглаж байгаа нь илт харагдаж байна. Олимпод оролцож байгаа тамирчдын хувьд байгалийн өгөгдөл, хурд хүч, ур чадвар, авхаалж самбаа байгаа хэдий ч өрсөлдөгчөө сайтар судлах, тэр бүрт тохирсон дахин давтагдахгүй арга мэхийг боловсруулан хэрэглэх, эсвэл тэдэнтэй бүрэн өөрчлөгдсөн хэлбэртэйгээр өрсөлдөх, эвгүй, хувирамтгай байдлыг үзүүлэх, өөрийгөө сайн боловсруулж, байнга суралцаж, нөхдөдөө зөвлөж байхад анхаарах шаардлагатай байна. Манай тамирчид нь барилдааны эсвэл тоглолтын сүүлчийн хэсэгт эрчимтэй ажиллах, тэсвэр тэвчээр гаргах, тэсрэлт хийх арга ухаан, чадварт сургах, дасгалжуулалтын явцад дахин хийх, ажиллах чадвараа сайжруулах, оноогоо хамгаалах арга, тактик дутагдаж байгаагаас дийлэнх нь ялагдал хүлээсэн тохиолдол гарлаа. Үүнд бид дүгнэлт хийн, яаралтай засахгүй бол дахин давтагдсаар байна. Тамирчны хичээллэх орчин нөхцөл хангалтгүй, хүнд хөдөлмөр эрхэлж байгааг ойлгож байгаа ба үүнийг засах талаар эрдэмтэд судлаач нар саналаа гарган ажиллах ёстой.
Түүнчлэн БТСУХороо, МҮОХ-ны удирдлагын хоорондын бие биеэ ойлголцох, нэгэн зорилтыг хэрэгжүүлэх чиглэлд гар, сэтгэл нийлсэн хамтын ажиллагаа чухал байна. Энэ нь наадмыг бэлтгэх, олимпод оролцуулах цаг үед ихээхэн ажиглагдаж байв. МҮОХ-ны шугамаар ОУОХ, бусад олон улсын байгууллага, гадаад, дотоодын олон төрлийн байгууллагаас үзүүлж буй тусламж дэмжлэг, ивээн тэтгэсэн зүйлсийг ҮШБ-ийн тамирчдад нь зориулах нь зүйтэй. МҮОХ-ны гадаад харилцааны давуу тал, боломжийг ашиглах, бусад орнуудтай хамтрах, олон улсын спортын холбоотой ойр ажиллах нь чухал юм. МҮОХ-нд спортын мэргэжлийн алба, хэлтсийг байгуулан, чадвар сайтай мэргэжилтнийг урьж ажиллуулах, дэмжих хэрэгтэй байна. Монголын тамирчдад хэрэгцээтэй бэлтгэлийн материаллаг орчин нь гадаадын орнуудтай харьцуулахад маш их дутагдалтай байгаа. Хуучирч, олон жилийн туршид ашиглагдсан спортын байгууламжууд нь орчин үеийн хэрэгцээ, шаардлага хангахгүй муудан, бэлтгэл хийх бололцоо нөхцөл тааруу байна. Спортын материаллаг баазыг бэхжүүлэх арга хэмжээг өөрийн хугацаанд үе шаттай авах, олимпын медаль хүртэж байгаа гол төрлүүд дээр дагнасан бэлтгэлийн заал, ордонтой болгох, зарим нэгийг нь шинэчлэн, засварлах, олон улсын тэмцээн, хамтарсан бэлтгэл, сургалтыг хүлээн авах бололцоотой болгох нь чухал. Олимпын спортын төрлүүдийг цаашид эрчимтэй хөгжүүлэх үүднээс спортын ордон, заал танхим, хэрэглэл, материаллаг хангамжийг олон улсын түвшинд хүргэхэд хөрөнгө, мөнгийг зарж, арга хэмжээг авахгүй бол бид дэлхийн түвшнээс улам бүр хоцорч, олимпоос медальгүй ч ирж магадгүй болж, бусад орны шилдэг тамирчдыг спорт зааландаа урьж чадахгүй, ичиж зовоход хүрчээ.
Түүнчлэн өндөр ачаалал авсан тамирчдын бэлтгэлийн дараах сэргээлтийн ажил хийгдэхгүй байгаагаас тамирчдын ядарч цуцах явдал их болж, эм витаминжуулалт, эрдэс бодисын дутагдалд орж, амархан бэртэл гэмтэл авах явдал ихсэж, авьяаслаг тамирчид их спортоо эрт орхин явж үзэгдэл гарч байна. Иймээс энэхүү төвийг өвөл, зуны улиралд ашиглаж болох нөхцөлтэй Улаанбаатар хотын орчимд яаралтай байгуулах шаардлагатай болжээ. Үүнээс гадна олимпын нөөц тамирчдыг үе шаттай сонгох, хүүхдийн болон оюутны спортоор дамжуулан системтэй бэлтгэх ажилд анхаарал хандуулах цаг болсон. Энэ чиглэлд муу хандуулснаас шилдэг тамирчдын залуу халааг авах нөөц тамирчдын тоо цөөрч, олимпын спортын амжилт буурч байна. ЕБДС-ийн болон ИДС-ийн биеийн тамирын хичээлийн заал танхим, хэрэгсэл материал, тоног төхөөрөмжийг шинэчлэх зэрэг цогц арга хэмжээг БШУЯ-наас авч чадвал хүүхэд, залуучууд спортоор олноороо хичээллэн, ҮШБ-ийн нөөц тамирчдыг бэлтгэх боломж бүрдэнэ. Түүнчлэн нийтийн биеийн тамирыг хөгжүүлэн, олон мянган эрүүл чийрэг иргэдийг бий болгон, тэдгээрээс их спортоор хичээллэх тамирчдыг бүрдүүлэх хэрэгтэй боллоо. Ер нь ҮШБ-ийн тамирчид бол энх цагийн цэрэг эрс. Тэд эх орон, ард түмнийхээ төлөө тусгай үүрэг даалгаврыг биелүүлдэг хүмүүс. Ард түмэн тэдний спортын амжилтыг харж, анхаарч байдаг нь Парисын олимпоос илүү их харагдлаа. Тамирчдыг ҮШБ-д байх хугацаанд нь төрөөс байнга анхаарч, зарим тусгай хангамжийг эдлүүлэх нь зүйтэй. Улаанбаатар хотод орон сууцгүй ҮШБ-ийн тамирчдыг нийтийн байраар хангах, мөнгөн шагналын хэмжээг ч нэмэгдүүлэх, эмнэлгийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх, хувцасны норм тогтоох, тэдний хүнд, бэрхшээлтэй хөдөлмөр, өдөр бүрийн олон цагийн өндөр ачаалалтай бэлтгэл хийж, хөлс хүчээ шавхаж байгаа ажлыг нь өөрөөр үнэлэх, цалин хөлсийг өөрчлөн тогтоох зэрэг арга хэмжээг зоригтой авч, шийдвэр гаргах цаг нь болжээ. Манай улсын олон шилдэг тамирчид бэлтгэл гэмтлийн улмаас их спортоо орхиж, эмчилгээ хийлгэх зардал ч үгүй хаягдан, орхигдож явна.
Монголын баг тамирчдын Парисын наадамд нэг мөнгөн медальтай оролцсон явдалд нь ард түмэн, төр, засгийн зүгээс ихээхэн шүүмжлэлтэй хандаж, цаашид ямар дүгнэлт хийх, хэрхэн ажиллах талаар өөрсдийн санал, бодлоо харамгүй дэвшүүлэн байгаа нь сайшаалтай хэрэг. Яг энэ үед спортын мэргэжилтэн бид нарын зүгээс өөрсдийн тулгамдсан асуудлаа тавьж хэлэлцүүлэх, дутагдлаа засах, цаашид зөв чиглүүлэх явуулах боломж ч гэж харж байна.
Лос Анжелесийн 2028 оны олимпын өмнө бид юу хийвэл зохих вэ?
Спортын мэргэжилтэн бидний үзэж байгаагаар АНУ-ын Лос Анжелесийн хотноо 2028 онд нээгдэх зуны 34 дүгээр олимпын наадамд эртнээс зохион байгуулалтай сайн бэлтгэж оролцох үүднээс доорх арга хэмжээ, ажлуудыг зайлшгүй хийх шаардлагатай гэж үзлээ.
Үүнд:
- Засгийн газар болон холбогдох байгууллагуудаас бүрдсэн тусгай ажлын хэсэг гарч, Парисын олимпын наадамд оролцсон байдлыг шалган тогтоож, мэдээлэл цуглуулах, олон нийтийн ярилцлага хийх, үнэлэлт дүгнэлт гаргах, дутагдалтай тал, зөрчлийг илрүүлэх, холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох,
- Дүгнэлтийг Ерөнхий сайдын дэргэд олимпын наадамд бэлтгэх үндэсний хороогоор авч хэлэлцэн, нэгтгэн дүгнэх, хороог шинэчлэн байгуулах, “Олимпод наадамд бэлтгэх үзэл баримтлал”-д засвар өөрчлөлт оруулах, стратеги төлөвлөлтөө хөрөнгө санхүүтэй холбон дахин хийх, бэлтгэл ажлыг эртнээс эхлүүлэх,
- Их спортын дээд амжилтыг дэмжихэд шаардагдах хууль, эрх зүйн акт бичиг баримт, хөтөлбөрүүдийг боловсруулан гаргах, батлах,
- Үндэсний шигшээ багийн тамирчдын талаар Засгийн газраас тусгайлсан тогтоол гаргаж, тамирчдын цалин хөлс, хангамжийг шийдэх, материаллаг нөхцөлийг сайжруулах талаар зарим арга хэмжээний асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх,
- Үндэсний шигшээ багийг бүтэц, зохион байгуулалт, бүрэлдэхүүнийг өөрчлөх, цаашид бэхжүүлэх чиглэлээр ажиллан, нэгдсэн бүтэцтэй болгох, сургалтын шинэ, оновчтой арга барил, технологийг нэвтрүүлэх, хяналт, мониторинг хийх, олимпын спортын төрлийн сургалтын төлөвлөлт, агуулгыг шинэчлэх, мэргэжлийн хүмүүсийг холбогдох албан тушаалд томилох,
- Олон улсын стандартын шаардлага хангасан үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэлийн цогцолбор төвийг “Техникийн спортын төв”-ийн дэргэдэх чөлөөтэй газарт байгуулж, олон төрлийн спортын заал, танхимуудыг төлөвлөх, байрлах байр, хоолны газар, фитнес өрөө, эмнэлгийн алба, орчин үеийн хэрэглэл, тоног төхөөрөмжөөр хангах,
- Усан спортын тамирчид өөрийн оронд бэлтгэл хийх боломж хязгаарлагдмал байгаа тул Улаанбаатар хотноо олимпын зэрэглэлийн 50 метрийн бассейныг Шинэ яармаг дах зориулалтын газарт нь барьж ашиглалтад өгөх,
- Төрөөс спортын холбоодуудтай харилцах харилцааг эргэн авч үзэх, спортын холбоодыг бэхжүүлэхэд анхаарах, хяналт тавих механизмыг бий болгох, тэдгээрийн олон улсын байгууллагад гүйцэтгэх үүргийг дээшлүүлэх, олон улсын холбооны удирдлага, хороодод Монгол улсын иргэдийг сонгох, олон улс, тивийн шүүгчдийг бэлтгэх, сургалтад хамруулах чиглэлээр ажиллах,
-Үндэсний шигшээ багийн тамирчдын залуу халааг тасралтгүй бэлтгэх системийг бий болгох арга хэмжээг авч, спортын тусгай сургалттай дунд сургуулийг аймаг бүрт гүйцээн бий болгох, өсвөр үеийнхнийг биеийн тамир, спортод татан оруулах, ИДС-ийн оюутны спортыг дэмжих, нийслэл хотноо “Оюутны спортын төв” байгуулах зэрэг арга хэмжээ авах,
- Биеийн тамир, спортын салбарын боловсон хүчнийг бэлтгэх, спортын төрөл бүрийн дасгалжуулагч, тамирчны сэтгэл зүйч, хоол зүйч нарыг тусгайлан сургах, давтан бэлтгэх, чадварлаг мэргэжилтэн, менежерүүдийг төрүүлэх үүднээс “Биеийн тамирын их сургууль”-ийг МУБИС-ийн биеийн тамирын сургуулийн материаллаг баазыг түшиглэн тусад нь байгуулах, биеийн тамир, спортын шинжлэх ухаан, технологи, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг их сургуулийн материаллаг бааз дээр бий болгон ажиллуулах,
- ҮШБ-ийн тамирчдын бэлтгэл сургуулилтын үр дүнг шалган, сорьж байх, тэмцээний тогтолцоо, хэлбэрийг өөрчлөн тэмцээнийг уламжлалт болон орчин үеийн хэлбэрт оруулах,
- БТСУХороо, МҮОХ-ны хоорондын ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, харилцан ажиллах механизмыг бий болгох, харилцан бие биеэ ойлгон ажиллах, олимпын бэлтгэлийг нэгэн зорилго чиглэлтэй эртнээс бэлтгэн зохион байгуулж, удирдах гэх зэрэг болно.
Монгол Улсын Гавьяат багш Д.Гоошоохүү
2024 оны наймдугаар сарын 14 өдөр