Пхыа Тхай намын дарга, Тайландын Ерөнхий сайд асан Таксин Чинаватын бага охин Пэтонгтарн Чинават энэ сарын 16-нд улсынхаа Ерөнхий сайдаар сонгогдсоныг “Bangkok post” сонин мэдээллээ. 37 настай энэ бүсгүй Тайланд улсын шинэхэн түүхэнд хамгийн залуудаа гүйцэтгэх засаглалыг нь ийн тэргүүлэх болов. Тэрбээр дунд сургууль төгсөөд их сургуульд нийгэм судлал, хүн судлалын мэргэжил эзэмшжээ. Цаашлаад Англид суралцан олон улсын хэмжээний мэргэжилтэн болсон байна. Пэтонгтарн 2021 онд намынхаа Хөрөнгө оруулалтын зөвлөлдөх хорооны даргаар томилогдож. Улмаар дараа жил нь намын их хурлаар түүнийг “Пхыа Тхай өрхийн тэргүүн” хэмээн танилцуулж байжээ. 2023 онд явуулсан олон нийтийн санал асуулгаар Пэтонгтарн Урагшаа хөдөлгөөний төлөөллийн дараа орж, Ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлэх хамгийн магадлалтай хүний нэг болсон байна. Мөн ондоо Пхыа Тхай намаас Ерөнхий сайдад албан ёсоор нэр дэвших гурван хүний нэг болов. 2023 оны аравдугаар сард болсон намын хурлаас 289 хүний дэмжлэг хүлээснээр намаа тэргүүлж эхэлжээ. Ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн гэж үзэж Тайландын Үндсэн хуулийн шүүх Ерөнхий сайд Сеттха Тхависинийг огцруулж, Засгийн газрын шинэ тэргүүнийг сонгох шийдвэр гаргав.
Шүүгчид хоёр сая бат (55 мянга орчим ам.доллар) хахууль болгож өгөхийг оролдсоноос шоронд зургаан сар хоригдох ял 2008 онд авсан Пичит Чынбан гэгчийг 2024 оны хавар Тамгын газрынхаа даргаар энэхүү Тхависин томилчихсоноос шүүх ийм шийдвэр гаргахад хүрчээ. Ингээд наймдугаар сарын 14-нд эвслийн намуудын удирдлага Пхыа Тхай намыг далдаас удирддаг Таксим Чинаватын өргөөнд хуралдаж, Чайкасен Нитисирийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр шийдэв. Гэтэл эвслийн намууд болон Пхыа Тхайн хэсэг депутат уг шийдвэрийг эсэргүүцсэн тул Пэтонгтарн Чинаватын нэрийг түүний оронд дэвшүүлэхээр болсон байна. Наймдугаар сарын 16-нд энэ шийдвэрийг парламентын 319 гишүүн дэмжиж, 145 депутат эсэргүүцэж, 27 хүн түдгэлзсэнээр Чинават нэр дэвшиж, эрхэм дээдэс хаан ч зөвшөөрчээ. Ийнхүү Чинаватын удмын дөрөв дэх хүн Тайландын хоёр дахь эмэгтэй Ерөнхий сайд болсон байна.
Энэ суудлыг 2001-2006 онд эзэлж байсан тэрбумтан, улс орондоо нэртэй улс төрч Таксин Чинаватын бага охин Пэтонгтарн Чинават Тайландын 31 дэх Ерөнхий сайд боллоо. Аавынх нь төрсөн дүү Йинглак 2001-2014 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан юм. 2008 оны намар өөр нэг дүүгийнх нь нөхөр хоёр сар гаруй хугацаанд бас энэ албыг хашжээ. Одоогийн болон өмнөх Ерөнхий сайд нар өнгөрсөн оны сонгуульд авсан депутатын мандатын тоогоор хоёрт орсон ч эрх баригч эвсэл болж чадсан Пхыа Тхай намын төлөөлөл юм. Тайландын улам бүр ганхаж байгаа эдийн засгийг сэргээх арга замыг хайж, ээлжит цэргийн эргэлт, Үндсэн хуулийн шүүхийн хөндлөнгийн оролцооноос сэргийлэх нүсэр ажил шинэ Ерөнхий сайдыг хүлээж байна. Пхыа Тхай намын төвхнүүлсэн дөрвөн ч танхим чухам эдний “балгаар” огцорч байсан. Хатагтай Чинават хааны зарлигийг “Амьдралд минь тохиосон их нэр хүнд, бахархал” хэмээн нэрлээд, Ерөнхий сайдын үүргээ хаант засагтаа үнэнчээр биелүүлж, эх орон, ард түмнийхээ сайн сайхны төлөө зориулах болно гэж амлажээ. “Ерөнхий сайдын өмнө тавигдаж буй аугаа том зорилтыг ганцаар зүтгээд хэрэгжүүлж чадахгүй тул Тайландын авьяас билигт бүх хүний, эвслийн Засгийн газар хийгээд хувийн хэвшил, ард түмний хүчин чармайлтыг нэгтгэх нь миний үүрэг байх болно” гэж тэрбээр хэлсэн байна. Тайланд нь Үндсэн хуульт хаант засаглалтай улс юм. Хаан нь эв нэгдлийн бэлгэ тэмдэг бөгөөд улс төрийн хямралыг эцэслэхэд түүний эрх мэдлийг ашигладаг. Дэлхийн II дайнаас хойш тус улсад 20 гаруй удаа цэргийн эргэлт гарсан байна.
Парламентын олонх болсон улс төрийн хүчний тэргүүн нь Ерөнхий сайдаар ажиллаж, түүнийг хаан нь ёсчилдог. Хоёр танхимтай парламентыг бүх нийтийн сонгуулиар бүрэлдүүлнэ. Ерөнхий сайд байсан Сеттха Тхависинийг огцруулаад ердөө хоёр хонож байхад Пэтонгтарн Чинаватыг Ерөнхий сайдаар сонгожээ. Эцэг Таксин Чинават нь 2006 онд генерал Сондхи Буниарамкамлины удирдсан, хаан дэмжсэн цэргийн эргэлтээр суудлаа өгсөн юм. Ихэд чинээлэг Ерөнхий сайдын гэр бүл Сингапурт 1.6 тэрбум ам.долларын бизнесээ худалдахдаа зохих татвараа төлөөгүй нь 2006 оны нэгдүгээр сард тодорхой болжээ. Улс орон даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, улмаар ээлжит бус сонгууль болсон ч олон зөрчил гарсан тул Үндсэн хуулийн шүүх үр дүнг нь зөвшөөрсөнгүй. Эцэст нь, засгийн эрх цэргийнхний гарт шилжиж, Засгийн газар нь огцров. Ийм эргэлт эх оронд нь болж байхад Таксин Чинават Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралдаанд оролцож байлаа. Тэрбээр Тайландад эргэж ирэхгүй байхаар шийдэв. Шүүхээр хэргээ шийдүүлэхээр2008 онд буцаж ирэхэд нь баривчилсан ч барьцаагаарсуллахадньгадаададгараад, 2023 оны наймдугаар сард л буцаж иржээ. Онгоцны буудал дээр түүнийг баривчилж, нэг жилийн ял өгөөд 2024 оны хоёрдугаар сард хугацаанаас нь өмнө батлан даалтаар суллав. 15 жил өөр улсад байсан ч Чинават эх орондоо нэр хүндтэй хэвээр, эрх баригч Пхыа Тхай нам шийдвэр гаргахдаа санал бодлыг нь тусгасаар байжээ.
Түүний эмэгтэй дүү Йинглак Чинават 2011-2014 онд Засгийн газрыг тэргүүлж байгаад цэргийн эргэлтээр огцрон баривчлагдсан юм. Түүнийг эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцохгүй байх болзолтойгоор удалгүй суллав. Гэвч эх орноосоо гарч явсан байхад нь 2017 онд хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдээс цагаан будаа худалдаж авахдаа хэтэрхий хайхрамжгүй хандсан гэж үзэн түүнд эчнээгээр таван жил хорих ял өгчээ. Ерөнхий сайд болоод байгаа хатагтай Чинаватын өмнөх үйл ажиллагаа зочид буудлаас эхлэн теле харилцаа холбоог хамарсан гэр бүлийнх нь бизнесийн эзэнт улстай нягт холбоотой байлаа. 2024 оны эхэн үе хүртэл “Rendе development co” компанийн захирлаар ажилласан байна. Одоо энэ компани эгчид нь харьяалагдаж буй. Хатагтай Чинават түүнчлэн үл хөдлөх хөрөнгийн “SC asset” компанийн томоохон хувьцаа эзэмшигч. 28.5 хувь нь буюу 5.2 тэрбум бат (152 сая ам.доллар)-аар үнэлэгдэх хөрөнгө түүний мэдлийнх юм. Хатагтай Чинават улс төрд нэлээд хожуу, 2021 онд Пхыа Тхай намд элсэж, хөрөнгө оруулалтын хороог тэргүүлэх болсноор орж иржээ. 2023 оны эхээр сонгуулийн өмнөх кампанит ажлыг удирдаж, Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлэхдээ цэргийн засаглалыг эцэс болгож, цэргийн эргэлт гаргуулахгүй байхыг амласан байна. “Time” сонинд бичсэнээр хаант улсын улс төрийн амьдралд эмх замбараагүй байдал байнга гардагтай уялдуулан сонгогчид хийгээд гадаадын хөрөнгө оруулагчдын болгоомжлох байдлыг зогсоох нь түүний нэг чухал зорилго аж. Чинаватыг Ерөнхий сайд болгосон нь Тайландын орчин цагийн түүхийн салшгүй хэсэг болсон улс төрийн олон жилийн доргион цочролд эргэлт хийх гэсэн бас нэг оролдлого гэж CNN тэмдэглэжээ.
Тодруулга: Тайландын хаант улс Зүүн өмнөд Азид оршдог. Халуун орны зөөлөн уур амьсгалтай, нийслэл нь Бангкок, төрийн хэл нь тай. Тус улсын түүх 1350 онд үүсэн байгуулагдсан Аютийн вант улсаас эхтэй. 1932 онд гарсан хувьсгал Тайландыг Үндсэн хуульт хаант улс болгожээ. Олон янзын нэртэй явсаар 1949 онд Тайланд дээр тогтсон байна. Дэлхийн II дайны үед Японыг дэмжиж байснаа дууссаных нь дараа АНУ-ын холбоотон болов. Хаан нь хязгааргүй эрхээ алдсан ч одоо зэвсэгт хүчний дээд ерөнхий командлагч, буддын шашныг хамгаалагч байдаг. 2014 онд 220 гишүүнтэй Үндсэн хууль тогтоох Ассамблей парламентын үүрэг гүйцэтгэж байсныг 2016 онд гишүүдийнх нь тоог 250 болгон нэмэгдүүлсэн. Тайланд нь Зүүн өмнөд Азийн улсуудын холбооны идэвхтэй гишүүн. Зэвсэгт хүчин нь арми, хааны тэнгисийн цэргийн флот, агаарын цэргийн хүчнээс бүрддэг. Эрчүүд нь албан журмаар цэргийн албыг хоёр жил хаана. Зах зээлийн эдийн засагтай, өсөлт нь өндөр, татвар бага. Эдийн засаг нь ОУВС-гийн үзүүлэлтээр 2023 онд дэлхийд 23 дугаарт орж байв. 2017 онд экспорт нь 215 тэрбум ам.долларт хүрч байжээ. Агаарын тээврийн 19 компани, 276 онгоцоор үйлчилгээ хийдэг. Усан флот нь 781 хөлөг онгоцтой. Дотоодын нийт бүтээгдэхүүний 16-18 хувь нь аялал жуулчлалын салбарын орлого. Тайландын барааг гол худалдан авагч нь Хятад, АНУ, Япон, Вьетнам, Хонконг. Тус улс БРИКС-д элсэх хүсэлтээ илэрхийлээд байгаа.