Монгол Улс устаж болзошгүй нэн ховор ангилалд тооцогддог цоохор ирвэсийн тоо толгойгоороо дэлхийд БНХАУ-ын дараа буюу хоёрдугаарт эрэмбэлэгддэг. Өдгөө манай улсад 800-1000 орчим цоохор ирвэс бий аж. Энэ нь дэлхийн нийт цоохор ирвэсийн 20 хувьтай тэнцэж буй юм. Дэлхий дахинд жил бүрийн аравдугаар сарын 23-ныг Цоохор ирвэс хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Үүнийг тохиолдуулан Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар 12 дахь жилдээ цоохор ирвэсийг сурталчлан таниулах, түүнийг хамгаалахын ач холбогдлыг иргэдэд ойлгуулах арга хэмжээ зохион байгуулах нь. Энэ удаа дээрх газраас олон нийтэд зориулан өдөрлөг зохион байгуулах байгууллагыг сонгон шалгаруулахаар болжээ. Шалгарсан байгууллага ирвэс хамгаалах, экологийн ач холбогдлыг нь таниулсан сонирхолтой контентуудыг бэлтгэх юм байна. Сонирхсон байгууллагын саналыг энэ сарын 25-ны 17.00 цаг хүртэл хүлээн авах ажээ. Ташрамд дурдахад, манай улсын цоохор ирвэсийн 500-700 нь Алтай Соёны бүс нутагт амьдардаг. Мөн Хангайн нуруунд цөөн тоогоор тархсан аж. Цоохор ирвэс нь өндөр уулын экосистемийн гол махчин амьтан юм.
Б.АМАРЗАЯА