2015-2024 он дэлхийн түүхэн дэх хамгийн өндөр температуртай 10 жил хэмээн тэмдэглэгдэж буй бол эдгээрээс 2023, 2024 он онцгой халуун, олон үзүүлэлтээр дээд амжилт эвдсэн үе болж байгааг Дэлхийн цаг уурын байгууллага (WMO)-аас мэдээлсэн. Энэ оны долоодугаар сарын 22-ны даваа гараг 1940 оноос хойш буюу сүүлийн 84 жилийн хугацаан дахь хамгийн халуун өдрөөр бүртгэгдсэнийг ч тус байгууллагаас дэлхий дахинд зарласан билээ. Тэгвэл хэт халах үзэгдлийн улмаас хүн төрөлхтөн хамгийн их хохирол амссан жил 2024 он болж, цаашдаа энэ үзүүлэлт улам даамжрах эрсдэлтэйг Коперникийн нэрэмжит Уур амьсгалын судлалын газар зэрэг олон улсын судалгааны байгууллагууд анхааруулж эхэллээ. БНСУ-д сүүлийн нэг сар гаруйн хугацаанд өдөртөө тогтмол 35-36, шөнө 25 хэмээс дээш халж буй гэнэ. Өнгөрсөн тавдугаар сарын 20-ноос хойш тус улсад 3000 орчим хүн наршиж, халуунаас үүдэлтэй хордлого болон дам шалтгаанаар 35 иргэн амиа алджээ. Түүнчлэн халуун, бүгчим уур амьсгалын нөлөөгөөр гурван сая гаруй мал, далайн болон тэжээмэл амьтан хорогдсон байна. Пакистаны өмнөд хэсэгт удаан хугацаанд хэт халснаас болж сүүлийн нэг сарын хугацаанд 800 орчим хүн нас баржээ. Хэт халалтын улмаас 2023 онд Европт 50 мянга гаруй хүн нас барсан нь ирэх жилүүдэд 80 хувиар өсөх төлөвтэй гэж цаг уурчид тооцоолж байна. Түүнчлэн үхлийн аюултай хэт халалтын нөлөөгөөр аадар, үер, түймэр зэрэг гамшигт үзэгдлийн давтамж олширч, ойртож буйг Дэлхийн цаг уурын байгууллагаас анхааруулав.