Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд эвлэрэл бий болгож Газын зурвасын хоёр сая хүн, өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд олзлогдсон Израилын барьцааны хүмүүсийн хувь заяаг, магадгүй Ойрхи Дорнодын ирээдүйг шийдвэрлэх ээлжит хэлэлцээр энэ сарын 15-нд Катарын нийслэл Доха хотод эхэлсэн юм. ХАМАС-ын удирдлага уг арга хэмжээг Израил дайнаа үргэлжлүүлэхээ халхавчлах оролдлого гэж үзэж түүнд оролцохоос албан ёсоор татгалзав. Тус бүлэглэл АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены санал болгосон “замын зураг”-ийг эхлээд үзэхийг хүссэн юм. ХАМАС-ын удирдагчид урьд нь дайны бүхий л явцад Израилын албаны хүмүүстэй ер нүүр тулж уулзаж байсангүй, тэгээд ч бүлэглэлийн өндөр албаны олон хүн Дохад байран суурин амьдарсаар иржээ. “Газын зурваст гал зогсоож, Израилын барьцааны хүмүүсийг суллахыг эцсийн хугацаа болгож, цаашид алгуурлахаа зөвтгөх ямар ч эрх хоёр талд байхгүй” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Египетийн Ерөнхийлөгч Абдель Фатах ас-Сиси, Катарын эмир Тамим бен Хамад Аль Тани нар мэдэгдэв. Тэгвэл гал зогсоох тухай аливаа хэлэлцээр байлдааны бүх ажиллагааг зогсоож, Израилын цэргийг Газын зурвасаас бүрэн гаргах ёстой гэж ХАМАС үзэж байхад энэ хэлэлцээр ямраар дууслаа ч ХАМАС-ын цэрэг, засаг захиргааны хүчин чадал бүрэн устгагдаагүй тохиолдолд Израил дайнаа зогсоохгүй гэж Ерөнхий сайд Беньямин Нетаньяху нь мэдэгдлээ.
ХАМАС-ын хяналтад байдаг Газын зурвасын Эрүүл мэндийн яамны баримтаар Израилын довтолгооны улмаас 40 мянган палестин хүн амиа алдаад буйн олонхнь эмэгтэйчүүд, хүүхдүүд аж. Эндхийн хүн амын бараг 90 хувь нь орон гэрээ орхиод байгаа юм. Тегеранд айлчилж байх үедээ ХАМАС-ын Улс төрийн товчооны тэргүүн Исмаил Хания долоодугаар сарын 31-нд амиа алдаж, Израилтай дайтаж буй Ираны талыг баримтлагч “Хезболла” бүлэглэлийн өндөр албаны удирдагчдын нэг Фуад Шукр Израилын агаарын цохилтод өртөж амь үрэгдсэнээс хойш Ойрхи Дорнодын байдал улам бүр хурцадсаар байна. Ханиягийн амийг Израилаас нэхнэ гэж Иран байнга амлах болсон. Израилтай хэдэн сар хил орчмоор буудалцаж байгаа “Хезболла” ч Шукрын өшөөг авна гэж тангараглаад буй. Израил руу довтолбол бүс нутгийн томоохон дайнд хүргэж болзошгүй тул хариу арга хэмжээ авахгүй байхыг Америк, Европын удирдагчид Тегеранаас хүсэж буй ч тусгаар байдлаа бид хамгаалах эрхтэй хэмээн Иран гөжөөд байгаа. Тегераныг тэвчээртэй байхыг уриалж хамтарсан мэдэгдэл гаргасан Британи, Франц, Герман улсууд Израилын хийж буй үйлдлийг хайхрахгүй байна гэж Ираны Гадаад хэргийн яамны төлөөлөгч Нассер Канани тэмдэглээд, Ойрхи Дорнодын тогтворгүй байдал, алан хядах үйлдлийн шалтгаан, үндсэн эх сурвалж нь Израил юм гэж энэ сарын 13-нд хэлсэн байдаг.
Израилын тагнуулуудыг эрэн хайх, байцаах, тамлах үйлдлийг энэ сарын 6-наас Исмаил Ханиягийн суудалд очсон Яхья Синварын үүсгэн байгуулсан “Эль-Мажд” гэдэг алба гүйцэтгэж байна. 2023 оны аравдугаар сарын 7-нд Израил руу хийсэн дайралтыг Газын зурваст нуугдаж байсан Синвар зохион байгуулсан гэж үздэг. Амьдралынхаа хагасыг Израилын шоронд өнгөрөөсөн энэ хүн ХАМАС-ын удирдагчдаас амьд үлдсэн хамгийн нөлөө бүхий нь гэгдэж буй юм. 19 настайдаа Израилын тусгай албаныханд баривчлагдаж байсан тэрбээр “Эль-Мажд” -ыг байгуулахдаа ердөө 25 настай байж. Яхья Синвар Израилын шоронд 22 жил хоригдоод 2011 онд суллагдав. Түүнийг онцгой аюултай алан хядагч гэж үзэж буйгаа АНУ 2015 онд зарлав. 2017 онд Исмаил Ханиягийн оронд Газын зурвас дахь ХАМАС бүлэглэлийн тэргүүнээр сонгогдсонд гадаадад дүрвэсэн биш, энд байгаа хүн удирдах ёстой гэж олонх үзсэн нь нөлөөлжээ. Хания энэ үед хилийн чанадад амьдрах болсоор удсан байлаа. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Яхья Синвар “Аравдугаар сарын 7 ердөө бэлтгэл сургуулилалт байсныг сионистууд мэдвэл зохино” гэж хэлсэн байна. Түүний өмнөх Исмаил Хания гал зогсоох ямар нэг тохиролцоонд хүрэхийг дэмждэг байсан ч бэлтгэл сургуулилалтыг мөн дэмжиж байжээ. Израил, ХАМАС хоёр сөргөлдсөн түүхийн туршид тус бүлэглэлийн удирдагчид, ялангуяа Газын зурваст үлдсэн нь халдлагад удаа дараа өртөж, амиа алдаж ч байсан түүнийг орлох хүнийг олж яддаггүй байв. Тэдний үзэл бодолд Яхья Синвараас ялгарах юм тун бага байдаг аж.
Тэд чухам хэн хэн бэ?
ХАМАС дотроо хоёр дахь гол хүн гэгддэг Халед Машаль Улс төрийн товчооны тэргүүн байсан, 1980-аад онд тус бүлэглэлийг үүсгэн байгуулагч шейх Ясины ойрын туслагчийн нэг байв. 1997 онд түүний амийг хөнөөх гэж Израил бүтэлгүй оролдлого хийснээс хойш нэр алдрыг нь дэлхий дахин мэдэх болсон байна. Тухайн үед Машаль Иорданд ХАМАС-ын нэг хэсгийг удирдаж байв. Хожим нь энэ хэсгийн үйл ажиллагааг Иорданы хаан II Абдалла хоригложээ. Машалийг баривчилж улсаасаа хөөн гаргав. Тэрбээр 2001 оноос Сирид байж, ХАМАС босогчдын талд орж Башар Ассадтай муудалцсанаас 2012 онд Катар руу нүүж, Халед Машаль одоо хэр нь тэнд байгаа гэж үздэг. 1992-1996 онд ХАМАС-ын Улс төрийн товчоог толгойлж, 1997-2013 онд орлогчоор нь ажиллаж байсан Муса Абу Марзук гол үзэл сурталч бөгөөд санхүүжүүлэгч нь гэгддэг. Тэрбээр эхлээд Арабын Нэгдсэн Эмиратад, дараа нь АНУ-д очиж мөнгө цуглуулж байгаад 1992 оноос ХАМАС-ын Улс төрийн товчоог тэргүүлэх болж Иорданд очжээ. Алан хядах ажиллагаанд оролцсоны улмаас 1995 онд Нью-Йоркийн онгоцны буудал дээрээс баривчлагдаж, АНУ-д хэзээ ч дахин ирэхгүй гэх нөхцөлтэйгөөр 1997 онд суллагдан Иорданд очив. 2012 онд хүртэл Сирид амьдарч байгаад Газрын зурвас, Турк, Египет, Катарт оршин сууж байжээ. ХАМАС-т зориулан хөрөнгө хуримтлуулсаар, зарим эх сурвалжийн мэдээгээр 2-3 тэрбум ам.долларын өмчтэй болсон байна. ХАМАС-ын нэг удирдагч Мухаммад Дейфийг энэ оны долоодугаар сард Израилын агаарын довтолгооны үеэр алагдсан гэдэг ч бүлэглэл нь үүнийг үгүйсгэдэг. АНУ, Европын Холбоо, Британи, Египет болон өөр олон улс алан хядагч байгууллага гэж үздэг ХАМАС-ын цэргийн нэг хүчийг 2002 оноос Дейф командалж байв. Түүнийг устгах гэж “Моссад” найман удаа оролдоод бүтээгүй аж. 2002 онд унаж явсан машинд нь пуужин туссанаар Дейф нүд, гар хоёроо алдаж, дараа жил нь хөлгүй болсон гэдэг. Түүнийг “долоон голтой” гэх болжээ. 2014 онд агаарын цохилтод залуу гэргий нарынх нь нэг, балчир хүү хоёр нь амиа алдсан аж. 2023 оны аравдугаар сарын 7-нд Израил руу хийсэн довтолгоог санаачилж, төлөвлөсөн хүмүүсийн нэг нь гэж үзэн Олон улсын эрүүгийн шүүхийн прокурор Карим Хан түүнийг баривчлах зөвшөөрөл хүссэн байдаг. Дохад АНУ, Катар, Египет, Израилын төлөөлөгчдийн хийж эхэлсэн хэлэлцээрийг Цагаан ордны үндэсний аюулгүй байдал эрхэлсэн Жон Кирби “чухал алхам” гэж нэрлэсэн. Түүний хэлснээр зөвшилцөл нарийн төвөгтэй явдал болохоор цаана нь олон ажил хүлээж буй.
Тавдугаар сарын 31-нд Жо Байдены зарласан төлөвлөгөөг хоёр тал зарчмын хувьд зөвшөөрсөн. Тэгсэн хэрнээ шинэ шаардлага нэмж тавьж байна гэж тэд биенээ буруутгасан. Байдены саналыг хэрэгжүүлэх талаар л ярилцахыг сонирхож буй гэж ХАМАС-ын нэгэн төлөөлөгч Усама Хамдан сэтгүүлчдэд хэлсэн байдаг. Газын зурваст Израилын явуулж буй байлдааны үр дүнгээс харахад ХАМАС их хохирол хүлээж, цаашид энэ бүлэглэл оршин тогтнох нь эргэлзээтэй мэт харагдаж буй ч түүний туулсан түүх, сүүлийн олон арван жил өргөжин тэлж ирсэн байдал нь ХАМАС тэсэж үлдэх төдийгүй улам хүчирхэг болох боломжтой гэх бодол төрүүлж байна гэж улс төрч, Дорно дахиныг судлаач, Ойрхи Дорнодыг илүүтэй мэдэх Василий Семёнов хэлж байна. ХАМАС үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр буй төдийгүй Газын зурвасаас ч, түүний гаднаас ч хүмүүс элсүүлж хүчээ сэлбэж байгааг эндхийн оршин суугчид болон бүс нутгийн шинжээчид гэрчилж байна. Израил руу дайрч Газад дайн эхэлснээс хойш, Израилын армийн бүхэнд илэрхий болсон үйлдлийн дараа ХАМАС-ын нэр хүнд Иордан голын баруун эрэгт эрс өсжээ. Өнгөрсөн сард болсон санал асуулгаар Баруун эрэгт ХАМАС-ыг дэмжигчид 41 хувь болсон байж. Гал зогсоох, барьцааны хүмүүсийг суллах талаар өнгөрсөн долоо хоногт Дохад эхэлсэн хэлэлцээр Каирт үргэлжилж байна. Израилын шоронд хоригдож байгаа хүмүүсээ барьцааныхаар солилцоход тус болно гэж үзэж буй гал зогсоох талаар хэлэлцэн тохирохыг ХАМАС болон Израилд Египет, Катар, АНУ уриалсаар байна.
Газын зурваст энх амгалан тогтоох АНУ-ын “түр хугацааны санал”-ыг Израил хүлээн авч ийм алхам хийхийг ХАМАС бүлэглэлд уриалав. Саяхан Ойрхи Дорнодод ирсэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Блинкен ч үүнийг нотлов. Гал зогсоох хэлэлцээрт зуучлагчийн үүрэг гүйцэтгэж буй Америк, Катар, Египетийн төлөөлөгчдийн хэлснээр бол 10 сар гаруйн хугацаанд үргэлжилж байгаа дайны гал зогсоох тухай хэлэлцээр урагш ахиж, “хэзээ хэзээнээс илүү бид дөхөж очлоо” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хэлжээ. Тэгэхдээ хэлэлцээр даруйхан төгсөнө гэж хүлээх болоогүй хэмээн Америк, Израилын хэвлэл үзэж байна. Америк, Египет, Катарын зуучлагчдын сүүлчийн санал “Нетаньяхугийн тавьсан нөхцөлд л нийцэж байна” гэж ХАМАС бүлэглэл үзэж буй. Америкийн төрийн албан хаагч байсан хийгээд одоо энэ албанд байгаа хүмүүсийн үзэж буйгаар Газын зурваст ХАМАС-тай хийсэн тэмцэлдээ Израил ихэнх зорилгодоо хүрчхээд байгаа болохоор 40 мянга орчим хүний амийг хөнөөсөн тэмцлээ үргэлжлүүлж, илүү амжилтад хүрэх нь юу л бол. Израилд АНУ зэвсэг нийлүүлсээр байгаа ч цэрэг, дайны замаар илүү үр дүнд хүрэх нь бас эргэлзээтэй гэж “USA to¬day” сонинд тэмдэглэсэн байна. Наймдугаар сарын 19-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Газын зурваст гал зогсоох асуудлаар Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяхутай гурван цаг ярилцсаны эцэст эвлэрэх тухай Вашингтоны төлөвлөгөөг Израил хүлээн авсан гэж Ерөнхий сайдын нь Тамгын газраас мэдээлжээ. ХАМАС болохоор урьдын хэвээр ЦАХАЛ Газын зурвасаас гарах ёстой гэсэн байр суурьтай байгаа аж. “Wall Street journal”-д мэдээлснээс үзвэл Газын зурвас дахь ХАМАС-ын удирдагч гэгдэж буй Яхья Синвар хэлэлцээрийн одоогийн үе шатыг дайнаа үргэлжлүүлэх боломж Израилд олгох гэсэн шал дэмий оролдлого гэж үзэж байгаа аж.