“Сонгинохайрхан” зорчигч тээврийн төв буюу бидний нэрлэж заншсанаар “Драгон” авто вокзалыг шинэ байршил руу нүүлгээд нэг жил орчим болж байна. Тодруулбал, вокзалын зүүн талд барьж байгаа“Шинэ Улаанбаатар баруун терминал”-ын ажилтай холбоотойгоор авто буудлын стандартын шаардлага, тээвэрлэлтийн аюулгүй байдал алдагдах эрсдэлтэй гэж үзсэн тул “Драгон”-ыг “Номин” худалдааны төвийн өргөтгөлийн барилгад шилжүүлсэн юм. Ингэснээр зорчигчид хуучин төвөөс баруун тийш 1.5 км зам туулж байж шинэ вокзалд хүрдэг болсон. Гэвч саяхнаас хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор хот хоорондын автобуснуудыг хуучин “Драгон”-оос явуулж эхэлжээ. Иргэд энэ талаар хангалттай мэдээлэлгүйн улмаас цаг хугацаа, эдийн засгаараа хохирох болж. Шинэ төвд очиж “цоожтой хаалга” мөргөн буцах, улмаар автобуснаасаа хоцорч, ажлаа алдах тохиолдол ч гарсаар байна.
Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн автобусаар зорчихоор өнгөрсөн баасан гарагт шинэ “Драгон”-д очлоо. 09.30 цагийн автобусанд тасалбар захиалахаар тооцон 30 минутын өмнө хүрэхэд үйлчилгээний ажилтан нь “Хот хоорондын зарим чиглэлийн автобусыг хуучин төвөөс явуулж буй” гэсэн мэдээлэл өглөө. Ингээд зорчигч тээврийн хуучин төвд хүрэх гэж түгжирч явсаар 10.00 цаг болох нь тэр. 10.00 цагийн автобусанд тасалбар захиалах гэтэл хуваарь байсангүй, эхний унаа 09.30, удаах нь 11.00 цагт хөдөлж буй гэнэ. Зорчигч тээврийн шинэ төвд очихоор гэрээсээ 08.00 цагт гарсан хүн ийнхүү төөрч будилан, түгжирч явсаар багагүй хугацаа алдаж, эцэст нь автобусаа нэг цаг хэртэй хүлээх шаардлагатай болов. “Номин” худалдааны төвийн гаднаас яг ийм шалтгаанаар буцаж байгаа хүнтэй цөөнгүй таарлаа.
Зарим нь “Хаяг нь ил харагддаггүй болохоор олж ирэхэд төвөгтэй юм”, “Замын уулзвар хэсэгт байрладаг учраас хаагуур, яаж явахаа мэдэхгүй толгой эргэлээ” хэмээж байв. “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ- ынхнаас эл зохицуулалтын алаар тодруулахад “Ийм шийдвэр гаргаад удаж байна. Бид нэг сар орчмын өмнө энэ талаар олон нийтэд мэдээлсэн. Дэлгэрэнгүй мэдээлэл нь манай байгууллагын цахим хуудсанд бий” гэсэн юм. Хачирхалтай нь, гаргаад удаж буй, олон нийтэд танилцуулсан гэх эл шийдвэрийн талаар иргэд төдийлөн мэдэхгүй, бүрэн гүйцэд мэдээлэлгүй байна. Энэ нь тус байгууллага шинэ тутам гаргаж буй шийдвэр, зохицуулалтаа зорчигч, үйлчлүүлэгчдэдээ хүртээмжтэй, цаг алдалгүй хүргэж чаддаггүйн жишээ боллоо.
Тус байгууллагын цахим хуудсанд долоодугаар сарын 17-нд нийтэлсэн хуваариар бол Улаанбаатараас Дархан-Уул, Орхон, Булган, Мөрөн, Даланзадгад, Цогтцэций, Цагаан хад, Төв аймгийн Зуунмод, Батсүмбэр, Жаргалант, Сэлэнгийн Сүхбаатар, Улаан-Үд хүрэх автобус хуучин авто вокзалаас, бусад нь “Номин”-гийн болон “Тэнгэр плаза”-гийн зорчигч тээврийн төвөөс хөдөлж буй аж.