Хичээлийн шинэ жил эхлэхэд 12 хоног үлджээ. Үүнтэй холбогдуулан нийслэлийн 15 байршилд хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаа зохион байгуулж буй. Хичээл эхлэхдөхсөн энэ үед хамгийн эрэлттэй болдог зүйлсийн нэг нь сурагчдын цүнх. Тиймээс өргөтгөсөн худалдааны үеэр борлуулж буй цүнхнүүд хэдэн төгрөгийн үнэтэй талаар, мөн эцэг, эхчүүд цүнх худалдан авахдаа голчлон юунд анхаарч буйг тодруулахыг зорьсон юм. Өргөтгөсөн худалдааны асруудад сурагчийн цүнх хэмжээ, хийцээсээ хамаараад дунджаар 25-70 мянган төгрөгийн үнэтэй байв. Хамгийн үнэтэй гэх 70 мянган төгрөгийн цүнх нь хүүхдийн нуруунд ачаалал бага өгөхүйц зөөлөвчтэй, бас гэрэл ойлгогч цацруулагчтай аж. Худалдагчаас эцэг, эхчүүд хүүхдэдээ цүнх сонгохдоо голчлон юуг анхаардаг талаар тодруулахад “Хүмүүс сурагчийн цүнхэнд тавигдах шаардлага, жинг нь тэр бүр мэддэггүй. Тиймээс харж байгаад хамгийн хөнгөн, биед эвтэйхнийг нь худалдан авдаг. Сүүлийн үед хөнгөн цүнх сонгох нь түгээмэл болжээ. Бас хүүхдийн нуруунд ачаалал бага өгөхүйц, зөөлөвчтэйг нь сонгодог” гэв. Харин эцэг, эхчүүд “1-2 дугаар ангийн хүүхдийн цүнхийг эцэг, эхчүүд л үүрдэг. Учир нь тэд өөрсдөө даахгүй их ном, дэвтэр хийчихдэг. Тиймээс сүүлийн үед бага насны хүүхдэдээ цүнх авахдаа бараг л өөртөө тааруулж, үүрэхэд эвтэйхэн, даавуун материалтайг нь сонгодог болсон” гэсэн юм.
Хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй холбогдуулан Боловсролын ерөнхий газраас сурагчийн цүнхийг хэрхэн сонгох талаар зөвлөмж гаргажээ. Үүнд хүүхдийн нуруунд жигд ачаалал өгөхүйц, хоёр мөрөндөө үүрдэг, оосор нь өргөн, хөлөргөхгүй материалтай байвал зохистой талаар дурджээ. Мөн сурагчийн цүнх цацруулагчтай байх нь эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэнэ. Хэрэв таны сонгосон цүнх цацруулагчгүй бол нэмэлтээр гурван талд нь цацруулагч хийх шаардлагатай юм байна. Түүнчлэн цүнх биеийн жингийнх нь 10 хувиас хэтрэхгүй байвал тохиромжтой гэж зөвлөжээ. Тухайлбал, нэгдүгээр ангийн сурагч дунджаар 21.5 кг жинтэй гэж үзвэл цүнхний дээд хязгаар нь 2.1 кг байхаар заажээ. Харин 18 настай хүүхэд дунджаар 59.5 кг жинтэй гэж үзвэл цүнхний жин 5.9 кг байх ёстой. Гэтэл манай сурагчид анги танхимдаа сурах бичиг, хичээлийн хэрэгслээ үлдээх боломж хомс. Тиймээс өдөр бүр хэрэгтэй ном, дэвтэр, балаа цүнхэндээ хийгээд үүрдэг. Энэ нь тэдний өсөлт, хөгжил, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй. Мөн сурагчийн цүнхний стандарт, шаардлагыг мэдэх хүн тун цөөн аж. Эцэг, эхчүүдээс гадна худалдаж буй хүмүүс ч үүнийг тэр бүр мэддэггүй юм байна.
У.ЦЭЦЭГСҮРЭН