Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан хууль бус ангийн хоёр хэрэг илрүүлжээ. Өвөр Зайсангийн аманд хэсэг иргэд тарвага агнасан хэргийг байгаль хамгаалагчид энэ сарын 14-нд илрүүлсэн бол хоёр хоногийн дараа Зүүндэлгэр, Өгөөмөрийн аманд дахин ийм явдлыг таслан зогсоосон байна. Тодруулбал, байгаль хамгаалагчид тухайн хэсэгт хяналт шалгалт хийх явцдаа 2378 УАК улсын дугаартай автомашинтай сэжиг бүхий иргэдэд шаардлага тавихад биелүүлэхгүй зугтсан гэнэ. Ингээд ойр орчмынх нь газарт үзлэг хийхэд тарвага буудаж, нуугаад зугтсан байжээ. Байгаль хамгаалагчид Төв аймгийн Цагдаагийн газарт мэдэгдэн, хамтран ажилласнаар Улаанбаатар хотын харьяат иргэн З хулгайгаар ан хийснийг тогтоосон бөгөөд өдгөө түүнийг саатуулан шалгаж буй аж. Харин наймдугаар сарын 14-нд гарсан хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж эхэлжээ.