Зөвлөлтийн хөл бөмбөгийн түүхэнд хамгийн аймшигт, эмгэнэлт явдал яг 45 жилийн өмнө тохиосон байх юм. 1979 оны наймдугаар сарын 11-нд Днепрозержинск (одоогийн Каменское)-ийн тэнгэрт хоёр “Ту-134” онгоц мөргөлджээ. Энэ осол 178 хүний, түүний дотор Узбекийн “Пахтакор” багийн 17 хөл бөмбөгчийн амийг авч одсон байна. “Энэ нь бүгдэд тохиолдсон уй гашуу болж олон мянган зүрх хоршин цохилсон юм. Нисэх онгоцны буудлаас Боткины оршуулгын газар хүртэл гашуудлын цуваа явах замын туршид хүмүүс зогссон байлаа. БНУ-ын бүх удирдлага оролцсон оршуулах ёслол дээр үг хэлсэн хүмүүс үгээ сонгож ядаж байв.” “Пахтакор” багийн ерөнхий дасгалжуулагч, уг гайт нислэгт азаар багтаагүй Олег Базилевич хөл бөмбөгчидтэй салах ёслол гүйцэтгэх арга хэмжээг ийн дүрсэлж байжээ. Энэ эмгэнэлт явдлаас хойш тэрбээр “Пахтакор”-т удаан ажиллаж чадалгүй, тэр жилээ халаагаа өгсөн байна.
“Пахтакор” 1956 онд үүсэн байгуулагдаж, гурван жилийн дараа л ЗСБНХУ-ын дээд лигт оролцох эрхтэй болжээ. 1960-аад онд тус баг сайн ч, тааруу ч тоглож, 1962 онд зургаадугаар байр эзэлсэн нь УАШТ-д олсон дээд амжилт нь байв. Ташкентын энэ клуб цаашдаа амжилтаа алдаж, авч явсаар 1968 онд их өндөр үсэрсэн нь ЗСБНХУ-ын цомын аваргын төлөөх тэмцээнд шалгарсан байна. Үүнээс өмнө ч, хойно ч Зөвлөлтийн Дундад Азийн орны нэг ч баг ийм амжилтад хүрээгүй аж.
Арваннэгдүгээр сард болсон шийдвэрлэх тоглолтод тухайн үедээ Зөвлөлтөд шилдэг клубүүдийн нэг гэгдэж асан Москвагийн “Торпедо”-той таарч, “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд -8 хэмээн хүйтэнд “үзэлцжээ”. Узбекистаны хөл бөмбөгчид эсрэг дайралт хийхээр тооцож, эхний ээлжид энэ төлөвлөгөө нь биелж, аль нь ч тоо авсангүй. Харин хоёр дахь ээлжийн тоглолтын эхэнд торпедочууд алдарт Эдуард Стельцовынхоо уран чадварын ачаар урагш давшжээ. Стрельцов өөр дээрээ эсрэг талын гурван хамгаалагчийг татаж, өсгийгөөрөө Юрий Савченкод бөмбөгөө дамжуулснаар уг тоглолтын цорын ганц гоолыг оруулах боломж олгосон байна.
“Пахтакор”-ын бүрэлдэхүүнд Узбекийн олон хөл бөмбөгч тоглодог байсан ч дасгалжуулагч нь Оросын мэргэжилтнүүд байдаг байж. Багийг Михаил Якушин, Гаврийл Качалин, Борис Аркадьев нар янз бүрийн хугацаанд ахалж байв. Гэхдээ нэрт дасгалжуулагчдын хэн нь ч “Пахтакор”-той гойд амжилт олж байсангүй. Тэгэхдээ ганц нэг тод томруун тоглогч гарч ирж л байжээ. Тухайлбал, довтлогч Берадор Абдураимов 1968 онд 22 бөмбөг айлын хаалганд оруулж, шилдэг тоглогч алдрыг Тбилисийн “Динамо”-гийн Георгий Гавашелитэй хуваан эзэмшсэн байна. 1976 онд тус баг медаль авах бодит итгэл хөгжөөн дэмжигчдэд нь бий болсон байлаа. “Динамо”-д Валерий Лобановскийн туслах байсан Олег Базилевич хавар нь тус багт ажиллахаар иржээ. “Пахтакор” багт тоглохоор сонгож авсан тамирчид түүний санаанд ихэд нийцэж байв. Авьяаслаг тамирчдаараа зохион байгуулалт сайтай хөл бөмбөг гээчийг харуулахыг дасгалжуулагч зорилгоо болгож, түүндээ ч хүрч чаджээ.
Осолд орохын өмнө “Пахтакор” өөрийн түүхийн хамгийн шилдэг тоглолтуудаа хийж, дөрөв хожиж, нэг тэнцэн, есөн оноо (тэр үед нэг хожилд хоёр оноо өгдөг байв) авсан байв. Сүүлчийн тоглолтод “Пахтакор” өөрийн талбайд Луганскийн “Заря”-г илүүрхэн (3:1) хожиж, Беларусийн “Динамо”-той гайхалтай амжилтаа үргэлжлүүлэхээр Минскийг зорихоор хөөрөн догдолсон л улс байлаа.
Наймдугаар сарын 11-ний өглөө бааз дээрээ цуглахаар Ташкентын нисэх онгоцны буудал руу хөдөлцгөөв. Орон нутгийн 11.30 цагт “Ту-134” онгоц 84 зорчигчтойгоор агаарт хөөрсний дотор 14 хөл бөмбөгчин байв. Үүнээс 20 минутын өмнө Кишинев орох бас нэг “Ту-134” онгоц Ташкентаас хөөрсөн байлаа. Хоёр онгоц шууд нислэг хийхгүй, хөл бөмбөгчдийн суусан онгоц Гурьев, Донецкод түр газардаж, Кишинев орох онгоц Воронежид “үдлэх” байж. Хоёр аварга хөлөг 17 минутын зөрөөтэйгөөр Донецк, Воронежийн буудлаас хөдөлжээ. Харьковын диспетчерийн төв хянадаг бүсэд тэдний зам огтлолцох байв. Осол болдог өдрийн өглөө Сергей Сергеевийн ахалсан диспетчерүүдийн шинэ ээлж ажилдаа орсон байлаа. Сергеевийн удирдлага дор I зэргийн диспетчер, 28 настай Владимир Сумской, ердөө 2.5 сар ажиллаж буй дадлагажигч ч гэж хэлж болох 20 настай Николай Жуковский нар байв. Заавар ёсоор бол залуу ажилтны ажлыг Сергеев өөрөө хянах ёстой ч энэ үүргийг мань эр Сумскойд хүлээлгэчихжээ.
Үд дунд диспетчерүүдийн хариуцах агаарын орон зайгаар Леонид Брежневийн хөлөглөсөн онгоц өнгөрөх тул хэсэг хугацаанд түүгээр өөр хөлөгнисэхийг хориглов. Удалгүй нислэгүүд үргэлжилж, Сергеевийн ээлж учиргүй олон онгоц зохицуулах шаардлагатай тулгарав. Ийм бачим ажиллах нөхцөлд дадлагажигч Жуковский Ташкент, Члябинскээс нислэгээ эхэлсэн хоёр онгоцыг агаарт зөрөхийг анзааралгүй нэгэн цуваанд оруулсныг Сумской мэдээд уг алдааг залруулахыг хичээв. Хоёр “Ту-134”-ийн зэрэгцээ Ташкент руу нисэж явсан нэг “Ил-62” айхавтар ойртсон байлаа. Диспетчер ихэд сандран өндрөө өөрчлөх үүргийг гурван онгоцны багт өгч эхлэв. Өөр гурван онгоцны нислэгийг зохицуулах ёстой болсноос Сумской өөрийнх нь командыг ойлгоогүй онгоцны багийнхны хариултыг ч сонсолгүй, яаран ажил руугаа эргэж очжээ. Хоёр “Ту” дэлгэцэд харагдахаа болив.
“Пахтакор”-ын тамирчдын сууж явсан онгоц 8000 гаруй метрийн өндөрт Члябинскээс гарсан онгоцыг мөргөж, хэдэн хэсэг хувааж орхих нь тэр. Хоёр дахь онгоц далавчгүй болж, нэг хөдөлгүүр нь ажиллахаа байсан ч нисгэгч ослын буулт хийх гэж оролджээ. Гэвч 4000 метрийн өндрөөс газарт унав. Дотор нь явсан бүх хүн амиа алджээ. Уг осолд Жуковский, Сумской хоёрыг буруутай гэж үзэн, тус бүрд нь 15 жил хорих ял өгөв. Сергеев арай л хоригдох шийтгэл хүлээсэнгүй. Залуу дадлагажигчийн хувь заяа хэрхсэн тухайд олон янзын сураг дуулддаг байв. Амиа хорлосон нэг мэдээлэл ч сонсогддог, мөн хоригдох хугацаагаа дуусгаад ертөнцийн жамаар хорвоог орхисон гэлцэх. Сумской 6.5 жил хоригдоод суллагдаж, Харьковтоо очиж амьдарчээ. 2004 онд уг эмгэнэлт явдлаас 25 жилийн дараа тэрбээр “Комсомолькая правда” сонины сурвалжлагчийн асуултад хариулсан байна.
“Хэн нэг нь илт буруугүй, бүгд алдаа гаргасан. Би одоо ч өөрийгөө буруугүй гэж үздэггүй. Заавар ёсоор Жуковскийд ахлах диспетчер туслалгүй, тэр үүргийг жирийн диспетчер надад оноов”.
Ерөнхий дасгалжуулагч Олег Базилевич Сочид байсан гэргий дээрээ оччихоод Минскэд багтайгаа нийлэхээр хэдэн өдрийн өмнө удирдлагатайгаа тохирсон байж. Тэрбээр хар далайн эрэг дээр байхдаа болсон ослын тухай сонсжээ. “Манай өрөөнд утас байгаагүй, хаалга цохин хүрч ирсэн үйлчлэгч надтай Ташкентаас яаралтай ярья гэж байна хэмээн хэлсэн. Надад тэр даруй нэг л хачин бодол төрөөд, сэтгэл түгшээд явчихсан. Узбекийн Биеийн тамир, спортын хорооны дарга Мирзаолим Ибрагимов ярьж байна. Түүний хоолой чичирч байлаа. “Багийнхан бүгд амиа алдсан, чи тэдэнтэй нисээгүй нь аз болсон...” гэсэн одоо ч толгойд багтамгүй хэдэн үг тэр хэллээ. Утас тасарч, би утсаа барьсаар зогсохдоо тохиолдсон аймшигтай явдлыг гүйцэд ухаарахгүй байж билээ”. Багийн илээч Анатолий унтаад хоцорсон, хамгаалагч Анатолий Могильный бас онгоцноос хожимдоод азаар амьд үлдсэн байв. Довтлогч Туляган Исаков бүр хавар гэмтэл авснаас Москвад эмчлүүлж байж. Ослоос хойш тэр хөл бөмбөгтөө эргэж ирж чадаагүй аж.
Минскийн “Динамо”-той тоглохын өмнө багийн ахлагч Михаил Ан гэмтэл авсан тул Ташкентад үлдэж эмчлүүлэхээр товлож байсан ч багийнхан нь түүнийг ятгасаар хамт ниссэн байна. Тухайн үед Ан “Пахтакор”-ын гол тоглогч, од нь байжээ. 1976 онд хагас хамгаалагч Ан Европын аварга болсон ЗХУ-ын залуучуудын шигшээ багийн ахлагч байв. 1978 онд түүнийг УАШТ-ий шилдэг 33 тоглогчийн нэрсийн жагсаалтад оруулсан байлаа. 18 настай “Пахтакор”-ын орлон тоглогч байсан Сирожиддин Базаров ослын урд өдөр Минск рүү ниссэн туламьд үлдсэн аж.
Ослын дараа ЗСБНХУ-ын хөл бөмбөгийн холбоо “Пахтакор” клубийг хадгалж үлдэх ажиллагаа явуулж, түүнд тоглогчдоосоо илгээж туслахыг улсынхаа бүх клубт хандаж уриалав. Олон хөл бөмбөгч саналаа ирүүлсний дотор “Спартак”-ийн Валерий Глушаков багтжээ. Тэрбээр хэдэн жилийн дараа багийн ахлагч болсон байна. Богино хугацаанд “Пахтакор” 18 шинэ тоглогчтой болов. Тус баг 1979 онд Зөвлөлтөд есдүгээр байрт орсон байна. Шинэ тоглогчдыг Узбекистанд маш халуун дотно хүлээж авчээ. Узбекийн удирдагч Шараф Рашидов өөрийн гараар бэлтгэсэн будаатай хуурга, бингээр тэднийг дайлж.
ЗХУ тарсны дараа “Пахтакор” Узбекийн хөл бөмбөгийн бахархал болжээ. Тусбаг улсынхаа аваргаар 16 удаа тодорч, энэ алдрыг 2019 оноос хэнд ч алдсангүй. 1979 оны эмгэнэлт явдлыг хэн ч мартаагүй, жил бүрийн наймдугаар сарын 11-нд Ташкентын Боткины оршуулгын газар дахь дурсгалын хөшөөнд хөл бөмбөгчид, багийн дэмжигчид нь цэцэг өргөнө. Ахмад тамирчдын нөхөрсөг тоглолт зохион байгуулна. Днепропетровск мужийн Куриловка гацаанд онгоц унасан газарт бас хөшөө босгосон аж.