- 1-5 дугаар ангийн унших бичгийн хичээлийг сэргээхээр төлөвлөжээ -
2024-2025 оны хичээлийн жил эхлэх дөхсөнтэй холбоотойгоор Боловсролын сайд П.Наранбаяр өчигдөр хэд хэдэн сэдвээр мэдээлэл өглөө. Юуны түрүүнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцасны стандартад өөрчилж оруулж, поло цамц өмсөх боломж бүрдүүлэхээр ажиллаж буйгаа дуулгав. Энэ нь хуучин дүрэмт хувцсыг халах бус, харин сонголтыг нэмэгдүүлэх арга хэмжээ гэв. Өөрөөр хэлбэл, хуучин дүрэмт хувцас уу, эсвэл поло цамц өмсөх үү гэдгээ сургууль, сурагч, багш, эцэг, эх, асран хамгаалагчид зөвшилцөн сонгож болох аж. Гэхдээ үүнийг энэ жил хэрэгжүүлэхгүй. Харин 2025-2026 оны хичээлийн жилээс эхлүүлэхээ дурдлаа.
Мөн цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлын хэмжээг 1000 төгрөгөөр нэмэгдүүлэх санал гаргаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаа илэрхийлэв. “Бид энэ асуудлыг хөндөж яриад найман жил болсон ч тодорхой шийдвэр гаргаж чадахгүй явсаар байна. Засгийн газраас өнгөрсөн тавдугаар сард тогтоол гаргаж, хүүхдийн хоолны зардлыг 500 төгрөгөөр нэмж, 3000-д хүргэсэн. Ингэж нэмэгдсэнээр хүүхдийн авах шим тэжээлийн хэмжээ 52 хувьтай болж байна. Тэгвэл 1000 төгрөг нэмснээр энэ үзүүлэлт 20 орчим хувиар өсөж, 72-т хүрнэ. Энэ зардлыг хүүхдээ цэцэрлэгт явуулж байгаа ээж, аав нь гаргана. Сард 22 өдөр хүүхдээ цэцэрлэгт явуулсан бол хоолны мөнгөнд 22 000 төгрөг өгнө гэсэн үг. Боловсролын ерөнхий хуульд хүүхдийн хоолны зардлын тодорхой хувийг эцэг, эхчүүд хариуцахаар заасан байдаг.
Таны тушаасан 1000 төгрөг хүүхдийн хоолонд л зарцуулагдахыг ойлгох нь зүйтэй. Үүнийг эхлээд нийслэлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн” гэж сайд П.Наранбаяр хэлэв. Хүүхдийн даалгаврын ачааллыг хөнгөрүүлэх арга хэмжээ хэрэгжүүлэхээ тэрбээр дурдлаа. Үүний хүрээнд нэгдүгээр ангид элссэн хүүхдийн даалгавар 20 минутаас хэтрэхгүй байх зохицуулалт хийхийг мэргэжлийн байгууллагуудад нь даалгасан гэв. Мөн сурах бичиг, сургалтын хөтөлбөрийг шинэчлэх 254 хүнтэй ажлын хэсэг байгуулсныг дурдлаа. Шинэчилсэн сурах бичгийн эхний хувилбарыг ирэх арваннэгдүгээр сард бэлэн болгох гэнэ. Уг ажлын хүрээнд 1-5 дугаар ангийн унших бичгийн хичээлийг сэргээх аж. Хүүхдүүдийн унших чадварыг сайжруулах арга хэмжээнүүдийн нэг нь энэ юм байна. Мөн багш нар минутын уншлага хийлгэдэг арга барилаа өөрчилж, хүүхэд уншсанаа ойлгох боломж бүрдүүлэх чиглэлээр ажиллана гэв.
Цэцэрлэг, сургуулийн удирдлага, багш нарын 20 хүртэлх хувийг хамран сургах тойрогт нь шилжүүлэн ажиллуулах журмын төслийг Боловсролын яамныхан боловсруулжээ. Сайн туршлага хотын зах, орон нутгийн алслагдсан бүсэд хүрэхгүй, төдийлөн түгэн дэлгэрэхгүй байгаа учраас ийм арга хэмжээ авахаар болж. Бас 20 хувь гэдэг үзүүлэлтийг цаашид жил бүр тогтмол нэмэгдүүлэн, 100-д хүргэх аж. “Ингэснээр сайн туршлага, сайн багш таны дэргэд ирнэ” гэж салбарын сайд онцлов. Тэрбээр мөн багшийн хомсдолыг шийдвэрлэхийн тулд багшлах эрх олгох үйл ажиллагааг цуцалж, илүү уян хатан бодлого баримтлахаа илэрхийллээ. Өөрөөр хэлбэл, багшлах эрх аваагүй ч хичээл заах сонирхолтой, мэргэжлийн сургууль төгссөн хүмүүсийг сайн дурын, гэрээт багшаар ажиллуулах нөхцөл бүрдүүлэхээр төлөвлөжээ.
Улсын төсвийн хөрөнгөөр барьж байгаа 35 сургуулийн 12-ыг нь хугацаанаас нь өмнө буюу есдүгээр сард ашиглалтад оруулахаар санхүүжилтийг нь шийдвэрлэсэн гэв. Ингэснээр 7000 гаруй хүүхэд шинэ байранд суралцах нь. Хичээлийн шинэ жилийн нээлтийг есдүгээр сарын 1-ний ням гарагт хийнэ. Ингэхдээ нээлтийг нүсэр байдлаар бус, хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагчид сургууль, цэцэрлэгтэй танилцах нээлттэй өдөрлөг хэлбэрээр зохион байгуулахаа сайд П.Наранбаяр мэдэгдлээ. Маргааш нь буюу есдүгээр сарын 2-ны даваа гаргаас хичээлийг шууд эхлүүлэх гэнэ.