Бүгд Найрамдах Болгар Улс хиймэл оюун ухааны олимпиадыг олон улсад анх удаа зохион байгууллаа. Үүнд зургаан тивийн 40 гаруй багийн 200 орчим сурагч өрсөлдөж, манай улсын баг мөнгөн медаль хүртэв. Тус улсын Ерөнхийлөгчийн ивээл дор тав хоног үргэлжилсэн эл уралдаанд улсын математикийн олимпиадын хүрэл медальт Э.Тэнүүн, мэдээлэл зүйн олимпиадын мөнгөн медальт Н.Батсүх, хүрэл медальт Т.Энгүүн нар МУИС-ийн Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн багш З.Цолмонгийн удирдлагад оролцсон юм.
Хиймэл оюун ухааны чиглэлийн шилдэг сурагчдыг дэлхийд таниулах, тэдний мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх зорилготой олимпиадыг шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик гэсэн арга зүйд тулгуурлан, эрдэм шинжилгээ, практик гэсэн хоёр үе шаттайгаар явуулсан гэнэ. Ташрамд дурдахад, олимдиадад оролцох багийн гишүүдийг сонгон шалгаруулах, бэлтгэх ажилд УИХ-ын гишүүн Ч.Анар, Д.Энхтүвшин, Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, “Ailab” компанийн захирал М.Золжаргал, “Mirai technologies” компанийн захирал О.Тэмүүлэн болон “Гүүд ти си” ХХК дэмжлэг үзүүлсэн байна.
Энэхүү олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцож, амжилт гаргасан баг өнөөдөр эх орондоо ирэх аж. Тэрчлэн дараа жилийн олимпиадыг БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулахаар болжээ.
Бэлтгэсэн Э.Жавзандулам