Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор дөрвөн байршилд нүхэн гарц барих тухай 2022 оноос ярьж эхэлсэн. Тэдгээрээс Таван шарын төмөр замын доогуур нүхэн гарц барих ажлыг 2023 оны наймдугаар сард эхлүүлж байв. Яг жилийнхээ ойтой золгож буй эл гарцын ажил өдий хүртэл дуусаагүй, үргэлжилсээр байна. Гарц барихаар ярьж эхэлсэн үеийг нь нэмж тооцвол дээрх хугацаа хоёроор үржигдэх юм. Хичээлийн шинэ жил хаяанд ирж, түгжрэл, тэг зогсолт “хаалга тогшиж” байхад үүнийг яагаад өдий хүртэл дуусгахгүй байна вэ. АРАЙ Ч ДЭЭ! Гурван удаа “ашиглалтад оруулсан” Таван шарын нүхэн гарцыг хэзээ барьж дуусгах вэ Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын урт нь 169 метр.
Өндөр нь тав, өргөн нь есөн метр. Төсөөлбөл, нэг давхар амины орон сууц барих хэмжээний л ажил гэж ойлгож болно. Гэвч хорвоод хосгүй бүтээн байгуулалт хийж буй мэтээр уг ажлыг сунжруулсаар өдий хүрэв. Харин “Улаанбаатар хотод төмөр замын хөдөлгөөнийг хаахгүйгээр нүхэн гарцыг гүйцэтгэсэн анхны томоохон хэмжээний төсөл”, “Гарцыг барьснаар нийтийн тээврийн хэрэгслийн зорчих хурд сайжирч, хүртээмжийг нэмэгдүүлнэ. Төмөр замын хаалттай гарам дээрх осол буурах боломжтой. Уулзвар дээрх хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг 20-40 хувиар болгож сайжруулна”, “Тээврийн хэрэгслийн нэвтрүүлэх чадвар 22.9 хувиар нэмэгдэж, Таван шар орчмын авто замын түгжрэл 10.5 хувиар буурна” гэх мэтийн пиар нь бол маш амжилттай үргэлжилсээр байна. Бас дарга нар болон холбогдох албаныхны амаар уг гарцыг гурван удаа “ашиглалтад оруулаад” байгаа юм. Тодруулбал, уг ажлыг эхлүүлэх үед нийс лэлийн ЗДТГ-аас “Гарцыг энэ онд багтаан ашиглалтад оруулна” хэмээж байв.
Тэр хугацаа нь хэдийн найман сараар хэтэрчхээд байна. Бас өнгөрсөн өвөл нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар газар дээр нь очиж танилцах үеэр “2024 оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулна” гэж албаныхан хэлсэн юм. Тэр хугацаа нь ч мэдээж өнгөрсөн. Албаныхны амлалт ингээд дууссангүй. “Гарцын зорчих хөдөлгөөнийг зургаадугаар сард нээнэ. Үндсэн байгууламжийг долоодугаар сард байнгын ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй” гэж нийслэлийн ЗДТГ-аас өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдээлж байжээ. Уг хугацаа өнгөрсөн ч гарц барих ажил бас л дууссангүй. Хамгийн сүүлд энэ сарын эхээр нийслэлийн ЗДТГ-аас “Таван шарын гарам хэсэгт төмөр замын доогуур барьж буй гарцын ажил 85 хувьтай үргэлжилж байна” хэмээн мэдээлсэн. Харин тус байгууллагынхан энэ удаад ашиг лалтад оруулах хугацаагаа хэлсэнгүй. Сүүл дээ өөрсдөө ч итгэхээ больсон биз. Ганц нүхэн гарц барих гэж л ингэж сунжруулж, удаашруулж буй хотод метроны 10 гаруй км туннель ухаад, замыг нь бариад, ашиглалтад оруулна гэж итгэх амаргүй байна.