“Парис-2024” зуны паралимпийн наадмыг нээхэд 13 хоног үлдлээ. Энэ сарын 28-наас эхлэх паралимпийн наадамд 203 улсын 4400 гаруй тамирчин спортын 22 төрлөөр өрсөлдөх аж. Ирэх сарын 8 хүртэл үргэлжлэх зуны 17 дахь удаагийн паралимпийн наадмын таеквондо, байт харваа, жүдо, хөнгөн атлетик, пауэрлифтинг, усанд сэлэлт гэсэн зургаан төрөлд манай улсын 12 тамирчин өрсөлдөнө. Өмнөх паралимпийн наадмуудад усанд сэлэлтийн төрөлд Монголоос тамирчин оролцож байгаагүй. Харин өнөө жил Х.Номуун усанд сэлэлтийн 50 болон 400 метрийн зайд өрсөлдөнө. Ингэснээр тэрбээр паралимпийн наадмын усанд сэлэлтийн төрөлд Монголоос оролцсон анхны тамирчин болох юм. Х.Номуун нь 2023 онд “Citi para swimming-World series Singapore” тэмцээний эмэгтэйчүүдийн 400 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд өрсөлдөн Монгол Улсын дээд амжилтыг шинэчилж байв. Монголын паралимпийн хорооныхон түүнийг “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадамд хурд хүчээ сойсон, өсөх ирээдүйтэй тамирчин хэмээн онцолж буй.
Паралимпийн наадмын хөнгөн атлетикийн төрөлд олон улсын хэмжээний мастер П.Энхманлай “T-53” ангиллын тэргэнцэртэй гүйлтийн 100 метрийн зайд эх орноо төлөөлөн оролцоно. Тэрбээр “Токио-2020” зуны паралимпийн наадамд оролцож байсан туршлагатай тамирчин. Мөн “F-40” ангиллын бөөрөнцөг түлхэлтийн төрөлд олон улсын хэмжээний мастер Ц.Баттулга өрсөлдөх нь. Ц.Баттулга нь өнгөрсөн жил зохион байгуулсан “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадмын бөөрөнцөг түлхэлтийн төрөлд хүрэл медаль хүртсэн билээ.
Пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ өрсөлдөнө. Тэрбээр 2016 болон 2020 оны паралимпээс алт, хүрэл медаль хүртсэн. “Парис-2024” бол түүний оролцох гу рав дахь паралимпийн наадам юм. Тэрбээр ДАШТ-ий гурван алт, дөрвөн мөнгөн медальт тамирчин билээ. Мөн “Дэлхийн цом”-ын зургаа, Ази тивийн хошой аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч.
Ташрамд дурдахад, манай тамирчид “Токио-2020” паралимпийн наадмаас нэг алтан медаль хүртэж байв. Мөн шагналт тав, долоодугаар байрт таван тамирчин орсон амжилттайгаар 160 улсаас 57 дугаар байрт жагсаж байжээ.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн