Хичээлийн шинэ жил эхлэх дөхсөнтэй холбоотой шинээр зарлагдсан гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн мэдээллийг хүргэе.
• “Айсмарк” ХХК “Ice scholars-2024” аялалтай тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ. Уг тэтгэлэгт шалгарсан шилдэг 10 оюутны хоёр нь БНХАУ-д болох олон улсын зайрмагны үзэсгэлэнд оролцох, аялах эрхийн эзэн болно. Мөн найман оюутан тус бүр 1 000 000 төгрөгийн мөнгөн тэтгэлэг авах нь. Сурлагын голч оноо гурав ба түүнээс дээш оюутнууд үүнд хамрагдах боломжтой гэнэ.
• “Говийн оюу” оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг ес дэх жилдээ хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөр нь Өмнөговь аймгийн харьяат, эсвэл хамгийн багадаа 12 сараар оршин сууж байгаа оюутнуудад хамааралтай. Бас Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн өдрийн ангид хоёр ба түүнээс дээш курст сурч байгаа, голч дүн 3.2-оос дээш, бусад байгууллагаас зарласан хөтөлбөр, тэтгэмжид хамрагдаагүй байх шаардлага тавьжээ.
•Баянзүрх дүүргийн ИТХ-ын нэрэмжит тэтгэлгийн материал хүлээн авах хугацаа дуусахад хоёр хоног үлдлээ. Уг тэтгэлэг нь авто инженерчлэл, холбооны инженерчлэл мэргэжлээр БНСУ-д суралцаад, эх орондоо ирж ажиллах нөхцөлтэй юм байна.
•Азийн хөгжлийн банкны тэтгэлгийн хугацаа арванхоёрдугаар сард дуусна. Ази, Номхон далайн бүсийн магистрын түвшний оюутнуудад санхүүгийн тусламж үзүүлэх эл тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй бол англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй, академик дүн сайн, бакалаврын зэрэгтэй, 2-3 жил ажилласан туршлагатай байх ёстой аж. Мөн хөтөлбөрт хамрагдсаны дараа эх орондоо ирж ажиллах хүсэлтэй байх зэрэг шаардлага тавьжээ.
•Британийн Засгийн газрын Чевнингийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна. Тус тэтгэлэгт хамрагдсанаар Британид магистрт нэг жилийн хугацаанд сурах боломжтой. Иймд бакалаврын зэргээ гурав ба түүнээс дээш голчтой хамгаалсан, хоёр ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай иргэд хамрагдаж болно. Хөтөлбөр дуусмагц хоёр жилийн дотор эх орондоо эргэн ирэх шаардлагатай гэнэ. Тэтгэлэгийн материал хүлээн авах хугацаа ирэх арваннэгдүгээр сард дуусах аж.
•“Натуршутц монгол” компанийн дэргэдэх “Гарьд” сангаас “Mongolian Au-Pair” тэтгэлэгт хөтөлбөрийг хоёр дахь жилдээ зарлав. Манай улсаас Герман руу явахад шаардлагатай зардал, нислэгийн тийзийг дээрх сангаас олгох юм байна. Үүнд оролцогчдод англи хэлний B12 түвшний мэдлэгтэй, гэрлээгүй, хүүхэдгүй, 18-26 настай байх зэрэг шаардлага тавьжээ. Харин банкны баталгаа, орлого нотлох шаардлагагүй юм байна. Уг тэтгэлгийн бүртгэлийн хугацаа энэ сарын 26-нд дуусах нь.
•Италийн Ром хотын Хувийн эрх зүйг ижилтгэх олон улсын хүрээлэнгээс иргэний, олон улсын эрх зүйн чиглэлээр судалгаа хийх хүсэлтэй хуульч, судлаачдад зориулсан тэтгэлэг зарлажээ. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хугацаа 2-3 сар бөгөөд 1000 евро олгох гэнэ. Материал хүлээн авах хугацаа ирэх сарын 13-нд дуусах юм.
•Засгийн газрын 2024 оны 102 дугаар тогтоолоор сувилагч, хөдөлгөөн, хөдөлмөр засалч зэрэг мэргэжил эзэмшиж буй оюутнуудад тэтгэлэг олгохоор болсон. Эл тэтгэлэгт хамрагдах дэд бакалаврын үндсэн суралцагч ЭЕШ-ын босго оноог хангасан байх шаардлагатай. Харин үндсэн хөтөлбөрт суралцагч ЭЕШ-ын дундаж оноо 500 болон түүнээс дээш байхыг шаардана. Мөн өмнөх улирлын голч дүн 2.8-3 хүртэл бол 70 хувийн, түүнээс дээш бол 100 хувийн тэтгэлэг олгох юм.
•ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр их, дээд сургуульд суралцах иргэдийг бүртгэж эхэлжээ. Манай улсаас 620 оюутныг тэтгэлэгт хамруулах хуваарь ирүүлсний 100-г нь зам, тээврийн салбарын мэргэжлээр элсүүлэх аж. Үүнд хамрагдсан тохиолдолд сургалтын, дотуур байрны төлбөрөөс 100 хувь хөнгөлж, их, дээд сургуулиас шалтгаалан сар бүр 80-90 мянган рубль олгоно гэв. Тэтгэлгийн материалыг арваннэгдүгээр сарын 1 хүртэл хүлээн авна.