2024-2025 оны хичээлийн шинэ жил эхлэхэд цөөн хоног үлдлээ. Үүнтэй холбоотойгоор төрийн өмчийн таван их сургуулийн сургалтын төлбөрийн мэдээллийг хүргэж байна.
МУИС: Оюутнууд ихдээ 42 кредит судална
МУИС-ийн бакалаврын түвшний сургалтын төлбөрийн хэмжээ 2024-2025 оны хичээлийн жилд нэг кредит нь 119 000-142 800 төгрөг байна. Бүрэлдэхүүн сургууль болон хичээлээс хамааран төлбөрийг ялгаатай байдлаар тогтоожээ. Харин Завхан, Дорнод, Ховд дахь салбар сургуулийнх нь нэг кредит нь 76 000-95 000 төгрөгийн төлбөртэй. Тус сургуулийн Удирдах зөвлөл өнгөрсөн жилийн хоёрдугаар сард хуралдаж, сургалт, үйлчилгээ болон дотуур байрны төлбөрөө нэмсэн ба суралцагч нэг жилд хамгийн ихдээ 42 кредит судлах боломжтой.
МУБИС: Багш мэргэжлээр суралцвал 100 хувийн тэтгэлэгтэй
МУБИС 21 чиглэлээр багш, багш бус 15 төрлийн мэргэжилтэн бэлтгэдэг. Суралцагч судлах хичээлийн кредитээс хамааран төлбөрөө төлдөг. Бүрэлдэхүүн сургуулиас хамаарч эрэлттэй болон тэргүүлэх мэргэжлийн хичээлийн нэг кредитийн үнэлгээ нь112 400-135 400 төгрөг. Өөрөөр хэлбэл, Нэг жилийн суурь төлбөр дунджаар 3 717 000 төгрөг байх нь. Бусад мэргэжлийн хичээлийг үзэх бол нэг кредитийн төлбөр 107 700-129 800 төгрөг. Ингэснээр жилийн суурь төлбөр ойролцоогоор 3 561 000 төгрөг болох аж. Харин Архангай, Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийнх нь нэг кредитийн үнэлгээ 87 300-91 100 төгрөг гэнэ. Эл дүнгээр тооцвол нэг жилийн төлбөр 2 739 000-2 857 500 төгрөг болох нь. Тус сургуулийн энэ намрын элсэлтийн хугацаа өнөөдрөөс есдүгээр сарын 20 хүртэл үргэлжлэх аж. МУБИС-д багш мэргэжлээр суралцахаар тэнцсэн элсэгчид Засгийн газрын 100 хувийн тэтгэлэгт хамрагдана.
ШУТИС: Шинэ элсэгчдийн төлбөр дэвшин суралцагчдынхаас илүү
ШУТИС-д 2024-2025 оны хичээлийн жилд шинээр элсэгчдийн сургалтын төлбөрийн нэг кредитийн үнэлгээ 148 000-170 000 төгрөг. Тэгвэл дэвшин суралцаж буй оюутнууд салбар сургуулиасаа хамаарч 98 000-157 000 төгрөгийн төлбөр төлнө. Суралцагчид оюутны кодоо авсны дараа сургалтын төлбөрөө бүрэлдэхүүн, салбар, харьяа сургуулийн дансанд тушаана. Үүний дараа хичээлээ сонгох эрхтэй аж. Улирлын сургалтын төлбөрийг тухайн улиралд судлах хичээлүүдийн кредитийн нийлбэрийг нэг кредитийн үнэлгээгээр үржүүлсэн дүнгээр тодорхойлно гэв.
АШИҮУС: Төлбөрөө 400 гаруй мянгаар нэмжээ
АШУҮИС-ийн нэгдүгээр дамжааны оюутны нэг кредитийн төлбөр мэргэжлээсээ хамаарч 67 200-130 000 төгрөгийн хооронд байна. Өнгөрсөн хичээлийн жилд уг төлбөр 67 200-117 610 төгрөг байсан. Энэ удаад оюутан жилд дунджаар 4 116 350-4 550 000 төгрөгийг төлбөрт зарцуулах нь. Өнгөрсөн оныхтой харьцуулахад нэг жилийн нийт төлбөр 400 гаруй мянган төгрөгөөр нэмэгдээд буй нь энэ аж.
СУИС: Нэг жилд 3 350 000-5 300 000 төгрөг төлнө
СУИС-ийн нэг жилийн төлбөр суралцаж буй түвшин болон судлах хичээлээсээ хамаарч дунджаар 3 350 000-5 300 000 төгрөг. Ганцаарчилсан хөтөлбөрийнх нь нэг кредитийн үнэлгээ178 800-484 280 төгрөг ажээ.
Бэлтгэсэн Э.Жавзандулам