Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн багшийн ажил гүйцэтгэлийн үнэлгээг өнгөрсөн хавар зохион байгуулсан. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 992 цэцэрлэгийн бүлгийн болон биеийн тамир, хөгжмийн үндсэн багш нарыг шалгалтад хамруулсан билээ. Ингэхдээ хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах үйл ажиллагааны болон багшийн мэргэжлийн хөгжлийн ахиц, үр дүн, цэцэрлэг, олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон байдал, оруулсан хувь нэмрийг нь шалгуур үзүүлэлт болгосон. Өөрөөр хэлбэл, 2-5 настай хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах, сургалтын үйл ажиллагааны төлөвлөлт, үр дүн болон багшийн мэргэжлийн хөгжил, цэцэрлэг ба олон нийтийн үйл ажиллагаанд оруулсан хувь нэмэр зэрэг шалгуурыг эцэг эх, асран хамгаалагчийн сэтгэл ханамж, багшийн өөрийн болон хамт олон, удирдлагын хөндлөнгийн үнэлгээний асуулгын хэлбэрээр үнэлсэн юм. Тэгвэл эл үнэлгээний үр дүнг Боловсролын үнэлгээний төвөөс танилцууллаа.
Энэ удаагийн шалгалтаар цэцэрлэгийн багш нар улсын хэмжээнд 88 хувьтай үнэлэгджээ. Өнгөрсөн онд 90 хувьтай байсан аж. Нийслэл дэх цэцэрлэгүүдийн багш нар өнгөрсөн онд 90 хувьтай үнэлүүлсэн бол энэ удаа 87 болж буурсан байна. Орон нутгийн багш нар 89 хувиар үнэлэгдсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оныхоос нэг хувиар буурсан үзүүлэлт аж. Ялангуяа хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах, багшийн мэргэжлийн хөгжил, олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон байдал, ахиц, үр дүн бүгд өнгөрсөн оныхоос 3-4 хувиар буурсан гэнэ. Зарим багш үнэлгээний дүнг бодит бус гарсан гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Ганц нэг цэцэрлэг бус, улсын хэмжээнд тааруу гарсан нь багш нарыг хохироож байна гэж үзжээ.
Бэлтгэсэн Ч.Цэлмэг