Зуны XXXIII олимпын наадам хүн төрөлхтөнд маш олон аварга, спортын агуу мөчийг бэлэглэлээ. Энэ удаад тус олимпын наадмын чимэг болсон 10 тамирчныг танилцуулъя.
Леон Маршан (Франц), усанд сэлэлт Парисаас дөрвөн алт, нэг хүрэл медаль хүртсэн 22 настай залуу эх орон нэгтнүүдийнхээ хамгийн хайртай тамирчдын нэг боллоо. Сүүлийн хоёр жилд өндөр амжилт үзүүлсэн тэрбээр чухам Парист супер од, “Фелпсийг залгамжлагч” болон тодрох хувьтай байжээ.
Новак Жокович (Серби), теннис Энэ удаагийн олимпын магадгүй хамгийн хүсүүштэй алтан медалийн эзэн. Түүхэн дэх хамгийн агуу теннисчний сод карьерт зөвхөн олимпын алтан медаль л дутуу байсан. Тэрбээр хүсэн хүлээсэн алтан медалиа энгэртээ зүүж, спорт сонирхогчдын “санааг амраав”.
Михаин Лопес (Куба), сонгомол барилдаан Сонгомол бөхийн 130 кг-ын жинд түрүүлснээр куба бөх спортын нэг төрөлд олимпоос таван алтан медаль хүртсэн анхны тамирчин болсон. 41 настай М.Лопес Парист аваргалаад зодог тайллаа.
Ма Лун (БНХАУ), ширээний теннис Спортын энэ төрлийн домогт тамирчин Ма Лун олимпын зургаа дахь алтан медалиа хүртэв. Ийнхүү тэрбээр олимпод хамгийн олон удаа аваргалсан ширээний теннисний тамирчин боллоо. Мөн олимпоос хамгийн олон алтан медаль хүртсэн хятад тамирчин болж байна.
Симона Байлс (АНУ), спортын гимнастик Америк тамирчин Парист олимпын долоо дахь алтан медалиа хүртсэн. Спорт сонирхогчид түүнийг үүнээс олон алтан медаль зүүнэ гэж таамаглаж байсан юм. Гэхдээ Токиогийн олимпод түүнд юу тохиолдсоныг бодолцож үзвэл С.Байлсын энэхүү амжилт өөрийн эрхгүй хүндлэл төрүүлнэ.
Тедди Ринье (Франц), жүдо Франц “аварга биетэн” олимпын түүхэн дэх хамгийн амжилттай жүдоч гэдгээ нотолж, хоёр алт хүртлээ. Ийнхүү тэрбээр олимпын таван удаагийн аварга болов. Эл амжилтыг нь эвдэх жүдоч мөддөө гарахгүй биз ээ.
Дайана Таурази (АНУ), сагсан бөмбөг Хамгаалагчийн байрлалд тоглодог, 42 настай Дайана багийн төрлөөр олимпод зургаан удаа аваргалсан анхны тамирчин боллоо. Тэрбээр 2004 онд шигшээ багтаа багтаж, анхны алтан медалиа хүртэж байв.
Арман Дюплантис (Швед), хөнгөн атлетик Шведийн тулгууртай харайгч ийн хоёр олимп дараалж аваргаллаа. Ингэхдээ6.25 метрийн өндөр дээгүүр харайж, дэлхийн дээд амжилтын хамтаар алтан медалиа өвөртлөв.
Ремко Эвенепул (Бельги), дугуй Өмнө нь од тамирчны статуст хүрч байгаагүй бельги дугуйчин энэ удаагийн олимпын “нээлт” болов. Олимпоос цуваа болон багийн гараанд зэрэг аваргалж байсан дугуйчин түүнээс өмнө байсангүй. Хөл бөмбөг тоглодог байсан Ремко зургаан жилийн өмнөөс л дугуйн спортоор хичээллэж эхэлсэн аж.
Бэлтгэсэн Э.Манлайбаатар