ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид манай орны цэвэр усны нөөцийн 70 орчим хувийг агуулдаг, ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэгдсэн Хөвсгөл нуурын атласыг зохиохоор ажиллаж байна. “Хөвсгөл нуур” атласыг 100 гаруй сэдэвчилсэн зургийн агуулгатайгаар энэ онд цахим хэлбэрээр, 2025 оны эхний хагаст хэвлэмэл хувилбараар олон нийтэд хүргэх зорилт тавьжээ.
Ийм атластай болсноор Монголын хамгийн их эзлэхүүнтэй, гүн нуурын талаар олон талын цогц мэдээлэл авах боломж бүрдэх нь. Энэхүү ажлын хүрээнд ус, хөрс, цэвдэг, ой, ургамал, амьтан, ландшафт, геоморфологи, цөлжилт, газрын доройтол, нийгэм, эдийн засгийн асуудал хариуцсан судлаачдаас бүрдэх экспедицийнхэн Хөвсгөл нуур орчимд гурван удаа иж бүрэн судалгаа хийжээ. Яг одоо гэхэд намрын хээрийн судалгаа хийж байгаа гэнэ. Түүнчлэн дээрх хүрээлэнгийнхэн Хөвсгөлийн районтой холбоотой судалгаа шинжилгээний үр дүнг хуваалцах, атласын агуулгыг баяжуулах зорилгоор “Хөвсгөл нуур орчмын байгаль орчин, нийгэм, эдийн засгийн нөхцөл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг тухайн бүс нутгийг хариуцсан хамгаалалтын захиргааныхантай хамтран Алаг-Эрдэнэ сумд өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулжээ. Үүнд 80 гаруй судлаач, эрдэмтэн оролцсон бөгөөд Бүгд Найрамдах Польш Улсын Газар зүйн хүрээлэнгийн төлөөлөл ч хүрэлцэн ирсэн аж.
Бэлтгэсэн Н.Ган