Азийн шинжлэх ухааны паркуудын холбоо (ASPA)-ны 27 дугаар их хурал энэ сарын 19-21-нд Улаанбаатар хотод болно. Энэ удаагийн хурлыг тус холбооны гишүүн байгууллагуудын стратегийн үүрэг, нийгэм, эдийн засгийн нөлөө, ногоон шилжилт, экосистемийг бүрдүүлэх зэрэг сэдвээр “Шинжлэх ухаан, технологийн паркуудын бүс нутгийн хөгжилд хүлээх үүрэг, үзүүлэх нөлөө” уриан дор зохион байгуулахаар болжээ. Үүнд оролцохоор тус холбооны гишүүн байгууллагуудын төлөөлөл 200 гаруй хүн манай улсад хүрэлцэн ирэх нь.
1997 оноос хойш жил бүр тасралтгүй зохион байгуулж ирсэн уг хурал нь шинжлэх ухаан, мэдээллийн технологи, инкубатор, судалгаа хөгжүүлэлтийн төв болон эрдэмтэн, судлаач, хөрөнгө оруулагчид, старт-апуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэмжих зорилготой юм байна. Харин Монгол Улсад зохион байгуулах эрхийг өнгөрсөн арваннэгдүгээр сард БНТУ-ын Истанбул хотод болсон 26 дугаар их хурлын үеэр олгосон аж.
Хурлын ерөнхий зохион байгуулагчаар Эдийн засаг, хөгжлийн яам, хамтрагчаар Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Мэдээллийн технологийн үндэсний парк, Монгол Улсын Шинжлэх ухааны паркийн захиргаа ажиллах нь.
Бэлтгэсэн Э.Жавзандулам