Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэв. Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин энэ үеэр “Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 51 сургууль 87 цэцэрлэг, зургаан спорт заалны барилгын ажил үргэлжилж байна. Зураг төсөлд магадлал хийлгэсэн, барилгын төсөв нэмэгдсэн зэрэг шалтгааны улмаас 11 цэцэрлэг, 16 сургуулийн барилга угсралтын ажил удаашралтай байна” гэж танилцууллаа.
Мөн нийслэлийн төвийн зургаан дүүргийн Засаг дарга нар хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгөв. Тухайлбал, Хан-Уул дүүргийн хэмжээнд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил 90 хувьтай гэнэ. Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын 63 сургууль, 141 цэцэрлэг үйл ажиллагаа явуулах аж. Одоогоор улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 10 хороонд 20 сургууль, 14 хороонд 14 цэцэрлэг барьж буй юм байна.
Чингэлтэй дүүрэгт хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил мөн л 90 хувьтай үргэлжилж байгаа гэнэ. Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын 28 сургууль, 48 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулна. Ирэх сарын 1-нээс өмнө тавдугаар сургуулийн өргөтгөл, 276 дугаар цэцэрлэгийн барилгын ажлыг дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Тус дүүргийн 13 дугаар хороонд тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэгийг байгуулахаар болсон бөгөөд одоогоор газар чөлөөлөх ажил нь үргэлжилж байгаа гэнэ.
Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл “Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил 85 хувьтай байна. Ерөнхий боловсролын 51 сургууль, 56 цэцэрлэг үйл ажиллагаа явуулна. Дүүргийн хэмжээнд шинээр тус бүр сургууль, цэцэрлэг барьж байгаа. Дөрвөн сургууль гурван ээлжээр хичээллэх төлөвтэй. Сургуулиудад хүний нөөцийн асуудал тулгамдаж буй. Багшийн сул орон тоог нөхөх ажил үргэлжилж байна” хэмээн мэдээлэв.
Баянгол дүүргийн хэмжээнд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил 85 хувьтай байна. Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын 49 сургууль, 78 цэцэрлэг үйл ажиллагаа явуулна. 2024 онд багтаан шинээр хоёр сургууль, гурван цэцэрлэг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Дүүргийн хэмжээнд есөн цэцэрлэг, гурван сургууль түрээсийн байранд хичээллэх гэнэ.
Сонгинохайрхан дүүрэгт хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явц 60 хувьтай аж. Ерөнхий боловсролын 35 сургууль, 117 цэцэрлэг энэ хичээлийн жилд үйл ажиллагаа явуулах нь. Шинээр долоон сургууль, 12 цэцэрлэг барьж буй юм байна. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт удааширсан, төслийн санхүүжилт нэмэгдсэн болон газар чөлөөлөлтийн асуудлаас шалтгаалж тус дүүрэгт сургууль, цэцэрлэг барих ажил удааширчээ.
Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан “Энэ хичээлийн жилд Баянзүрх дүүргийн хэмжээнд 185 цэцэрлэг, ерөнхий боловсролын 70 сургууль хичээллэнэ. Шинээр 17 цэцэрлэг, таван сургууль барьж байна. Сургуулийн 265 автобус хүүхдүүдэд үйлчилнэ. Одоо барьж байгаа сургууль, цэцэрлэгийг богино хугацаанд ашиглалтад оруулахын тулд нэмэлт санхүүжилт шаардлагатай байгаа” гэв.
Бэлтгэсэн М.Оч