Хотын даргаар ажиллаж буй хүн нийслэлийн иргэд биднийг ч удирдах ёстой гэсэн үг биш. Гэтэл Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нийслэлд амьдарч, оршин сууж буй бүхнийг даргалж, захирч болно гээд ойлгочихсон явна. Хүн болгоныг захираад, эрхэд нь халдаад, шүүмжилсэн иргэн бүр лүү дайраад, хэрүүл хийгээд байгаа нь түүний ёс суртахууны хэмжүүрийг илэрхийлж буй болохоос бус, хуулиар хүлээн зөвшөөрсөн үйлдэл биш юм. Харин хууль, журмынхаа дагуу хотын менежментийн багийг ахлаад, иргэдээ аюулгүй, амар тайван нөхцөлд амьдруулах л үүрэгтэй албан хаагч. Харамсалтай нь, Х.Нямбаатар Улаанбаатарыг дарга төвтэй болгоод, иргэдийн үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, шүүмжлэл хэлэх, хотын ажилд саналаа нэмэрлэх эрхийг нь боомилж байна.
ТАНИЛЦАХ “АЯЛАЛ” ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙНА
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 63 дугаар зүйлд нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийг 15 заалтаар тодорхойлжээ. Тухайлбал, дээрх хуулийн 63.1.1-т “Хууль тогтоомж болон Засгийн газрын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг хариуцан зохион байгуулах” гэж нийслэлийн Засаг даргын хийх ажлыг зааж өгсөн байна. Бас 63.1.3-т “Нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлаар төлөвлөгөө, хөтөлбөрийн төсөл боловсруулан нийслэлийн ИТХ-д оруулж, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх” хэмээн тусгажээ. Товчхондоо, асуудалтай цэг бүрд очиж, зураг авхуулж, айсуй сонгуулийг угтан “жүжиглэх” нь хотын даргын ажил биш. Харин хууль тогтоомжийн хүрээнд өөрт ногдсон ажлыг зохион байгуулж, батлагдсан төсвийн гүйцэтгэлд хяналтаа сайн тавих үүрэгтэй.
Гэтэл хотын Засаг даргаар томилогдоод 10 сарын нүүр үзэж байгаа Х.Нямбаатарын танилцах “аялал” дуусдаггүй ээ. Хотын өмхий үнэр, бохирдол, хог, түгжрэл, утаа зэрэг суурь асуудал одоо хүртэл шийдлээ хүлээсээр буй атал аар саархан ажлуудынхаа доороос өндийхгүй байна. ТҮК-ийн ажилтнуудад хог цэвэрлэх, давс цацахыг нь хүртэл зааж явсан туршлагатай хүн шүү дээ. Засаг дарга нь ингээд гудамжинд “гарчихаар” нийслэлийн бодлогын гол ажлуудыг ер нь хэн хэвийн үргэлжлүүлж, хотоо хөгжүүлэх юм бэ.
ШААРДЛАГАА БИЕЧЛЭН “ГАРДУУЛЖ” БАЙНА
“Сумъяабаатар аа, вокзал орчмын хогийг цэвэрлүүл л дээ. Ногоон байгууламж доторхыг цэвэрлэ. Цасан доогуурх хогийг цэвэрлэх ёстой биз дээ. Би өнөөдөр орой өөрөө явж шалгана шүү”. Х.Нямбаатар өнгөрсөн гуравдугаар сарын 15-нд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарыг утсаар ийнхүү загнасан удаатай. Бас тэрбээр саяхан Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд очлоо. Энэ үеэрээ хоёрдогч түүхий эд цуглуулан, машины сэлбэг борлуулах үйл ажиллагаагаа орон сууцын хороолол дотор явуулж байсан иргэдэд нүүх шаардлагыг өөрийн биеэр “гардуулав”. Энэ мэт ажлыг уг нь хорооны Засаг дарга нь хийхэд болох бус уу?
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 61.1.8-д “Байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэнд холбогдох хууль тогтоомжийн дагуу шаардлага тавих, биелүүлээгүй этгээдэд хариуцлага хүлээлгэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих байгууллага, албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлэх” хэмээн заажээ. Бас 61.1.18-д нь “Нутаг дэвсгэрийнхээ хэмжээний газар зохион байгуулалтын үйл ажиллагаанд хуульд заасан чиг үүргийн дагуу оролцох” гэж тусгасан байна. Хорооны Засаг даргын ажил үүргийг дээрх хуулиар ингэж тодорхойлсон байгаа юм. Х.Нямбаатарын үйлдлүүд нийслэлийн захирагчийн цараатай бус, харин яг дээр дурдсан шиг хорооны Засаг даргын түвшинд л байна. Тэр битгий хэл, заримдаа хорооны хэсгийн ахлагчийн түвшний ажлыг ч хийдэг.
СОНГУУЛЬ ОЙРТСОНЫ ДОХИО
Хотын даргын хэт идэвхтэй үйлдлүүд нь нийслэлийн хөгжлийн, иргэдийн төлөө үр ч биш. Харин орон нутгийн сонгууль хаяанд ирсэн энэ цагт МАН-ыг нийслэлд дахиад дөрвөн жил засаглуулахаар улайрч буйтай холбоотой гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Бас надгүйгээр ямар ч ажил урагшлахгүй гэсэн ойлголтыг олон нийтэд төрүүлж, хувь улс төрчийн оноогоо өсгөх гэсэн арга болох нь тодорхой харагдана. Өнгөрсөн зургаадугаар сард болсон УИХ-ын сонгуулийн өмнөөс л тэрбээр ийнхүү идэвхэжсэн. Харин сонгуулийн дараа хэсэг амсхийгээд, саяхнаас нөгөө дүрдээ тоглох болсон нь хэний ч нүдэнд ил байгаа. Хамгийн ойлгомжтой зүйл нь дарга ингэж хүчин зүтгэлээ гээд жижиг сажиг “косметик засвар” хийсэн төдий болохоос бус, хотын орчин нөхцөл, иргэдийн аж амьдралд ямар ч эерэг өөрчлөлт гараагүй нь юм. Энэ бүхнийг иргэд ойлгож, зохих “дүнг” нь орон нутгийн сонгуулиар тавина гэж найдъя.
Нөгөө талаас нийслэлийн хэмжээнд төрийн 48 мянга орчим албан хаагч ажилладаг гэсэн тоо бий. Ийм олон албан хаагч байхад яагаад хотын дарга бүх ажилд гар, хошуу дүрээд байна вэ. Уг нь хотын удирдлага, зохион байгуулалт, бүтэц тасралтгүй ажиллах ёстой. Нийслэлийн Засаг даргаар хэн ч “ирсэн” ажил саадгүйгээр үргэлжлэх систем бий болгох учиртай. Эл системийг зөв голдирлоор ажиллуулах гэж, саадгүй байлгах гэж л иргэд татвар төлдөг. Цаашлаад татвар төлөгчдийн мөнгийг нийслэлийн Засаг дарга, холбогдох албан тушаалтнууд нь захиран зарцуулж байна. Гэтэл дунд, доод шатны албан хаагчдын ажлыг Засаг дарга нь давхар хийчхэж болдог юм бол нийслэл хэмээх том “айл”-ын төлөө иргэд татвар төлөх хэрэг байна уу гэж бодоход хүргэнэ. Шаардлагагүйг нь цөөлж, цомхотгомоор юм биш үү.
ХӨГЖЛИЙН ШАТЫГ АХИУЛНА ГЭСЭН БИЛ ҮҮ
“Үндсэн хууль дахь та бүхний эрхийг хангахын тулд давс адил шорвог шийдвэр гаргаж, тав тухтай, амгалан амьдралын төлөө хувь хүний хэт аминч хандлагыг өөрчлөн, нийтийн эрх ашгийг ханган, Улаанбаатар хотын хөгжлийг шат ахиулахад онцгой анхаарах болно” гэж Х.Нямбаатар хотын даргаар томилогдоод удаагүй байхдаа буюу өнгөрсөн аравдугаар сарын 29-нд тохиосон, нийслэлийн 384 жилийн ойн мэндчилгээндээ онцолж байлаа. Түүнээс хойш болж өнгөрсөн үйл явдлуудыг эргэн санавал, Улаанбаатар хотын хөгжил ахисангүй. Харин ч ухарч байна. Иргэд тав тухтай, амар амгалан амьдарна гэдэг нь бүр ч биелшгүй мөрөөдөл мэт санагдана.
Бас хотын дарга хувь хүний хэт аминч хандлагыг бууруулан, нийтийн эрх ашгийг хангана гэсэн хэрнээ нийслэлийг хувийнхаа компани мэт л даргалж байна. Сонгон шалгаруулах ёстой Улаанбаатар хотын ерөнхий архитекторыг шууд томилсон үйлдлийг нь үүнээс өөрөөр хэрхэн тайлбарлах билээ. Хотоо сайн мэддэг, бас тодорхой хэмжээний шийдлүүдтэй мэргэжилтэн манайд цөөнгүй байхад нийслэлийн Засаг дарга шууд томилгоо хийснийг олон хүн шүүмжилж буй. Мөн хөгжлөөрөө манайхаас тэнгэр, газар шиг ялгаатай Японд Улсад суралцаж, ажиллаж байгаад ирсэн архитектор Улаанбаатарын асуудлуудын гүнд орж, улмаар шийдэж чадна гэдэгт итгэх хүн цөөн байгааг онцолъё.
63 дугаар зүйл.
Нийслэлийн Засаг даргын бүрэн эрх
63.1. Нийслэлийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
63.1.1. хууль тогтоомж болон Засгийн газрын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг хариуцан зохион байгуулах;
63.1.2. нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцан зохион байгуулж, үр дүнг хариуцах;
63.1.3. нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлаар төлөвлөгөө, хөтөлбөрийн төсөл боловсруулан нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх;
63.1.4. нийслэлийн төсвийн төсөл, түүний тодотголын төслийг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах, төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулж, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнах;
63.1.5. нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн чиг үүргийг хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлэх;
63.1.6. нийслэлийн өмчийн эзэмшил, ашиглалтыг зохион байгуулж, нийслэлийн өмчийг бусдад эзэмшүүлэх, түрээслэх, худалдах, хувьчлах зэрэг асуудлаар захиран зарцуулах санал боловсруулан нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж шийдвэрлүүлэх;
63.1.7. Монгол Улсын Ерөнхий сайдтай байгуулсан гэрээний дагуу энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах;
63.1.8. энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан асуудлаар нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн төслийг боловсруулж, холбогдох тооцоо, үндэслэл бүхий саналыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулан хэлэлцүүлэх;
63.1.9. хууль тогтоомжид заасан журмын дагуу гадаад улсын зохих шатны нэгжтэй харилцаж, хамтран ажиллах;
63.1.10. нийслэлийн татварын албаны үйл ажиллагааг удирдан чиглүүлж, татварын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
63.1.11. нийслэлийн Засаг даргаас олгосон газар эзэмших, ашиглах эрхийн талаарх иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргааныг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх;
63.1.12. нийслэлийн Засаг даргын орлогч, тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх, огцруулах;
63.1.13. энэ хуульд заасан үндэслэлээр нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг тараах саналыг Засгийн газарт оруулах;
63.1.14. төрийн дээд шагналд тодорхойлох;
63.1.15. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
Эх сурвалж: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль
УЖГИРСАН АСУУДЛУУДЫГ ХЭН ХЭЗЭЭ ШИЙДЭХ ВЭ
Тун удахгүй хичээлийн шинэ жил эхэлнэ. Түүнийг дагаад хотын түмэн асуудал өмнөх жилүүдийнх шигээ ундарна. Түгжрэлээс эхлээд агаарын бохирдол, халтиргаа гулгаа, нийтийн тээврийн хүртээмжгүй байдал гээд нийслэлийн иргэдийн өдөр тутмын амьдралыг улам хүндрүүлдэг тэдгээр бэрхшээлийг Х.Нямбаатар хугасалж ч чадсангүй. Тэгсэн атлаа “Улаанбаатар хотын хувьд ирэх дөрвөн жил их бүтээн байгуулалт, үсрэнгүй хөгжил цэцэглэлтийн жилүүд байх болно”, “Нийслэл удахгүй метротой болж, түгжрэл арилна” гэж улиг болтол ярьсаар байна. Гэвч метро барих төсөл нь зөвлөх үйлчилгээний компани шалгаруулах хэмжээнд л яваа. Бас Урт цагааны барилгыг нурааж, цэцэрлэгт хүрээлэн болгох ганц жижиг төслийг ч хэрэгжүүлж чадаагүй л байгаа. Ийм байхад ирэх жилүүдэд Улаанбаатар үсрэнгүй хөгжинө гэж итгэхэд хэцүү.
“Машин импортолж оруулж ирэхийг хориглох гэх мэт захиргаадалтын, коммунист маягийн арга хэмжээ авалгүйгээр 3-6 сарын дотор түгжрэлийг шийдэх боломжтой. Түгжрэлийг эрчимтэй бууруулах мастер төлөвлөгөө байгаа. Х.Нямбаатар дарга үүнийг сайн уншиж танилцах хэрэгтэй” гэж нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл түүнд зөвлөжээ. Харин Х.Нямбаатар үүний хариуд “Элбэгдорж дээр яг энэ сэдвээр ороод загнуулаад гарч байснаа мартсан уу” гэж даапаалсан нь хачирхалтай. Түүнд ер нь хэний ч үг наалдахгүй, шүүмжлэл байтугай зөвлөгөө ч хүлээн авах чадваргүйгээ энэ үйлдлээрээ илэрхийлсэн юм. Ерөөсөө шийдэл ярих гэсэн хүмүүсийг даапаалаад, эсвэл хууль хяналтын байгууллагаар шалгуулна гэж дарамталдаг жишиг тэрбээр тогтоож байгаа.
Энэ бүгдээс дүгнэвэл, нийслэлийн иргэдэд тулгамдсан, ужгирсан асуудлууд ойрын хугацаанд шийдэгдэхгүй, яг өмнөхийн адил маш хүнд намар, өвлийг бид туулах болно. Тиймээс зөвхөн өөрсдөдөө л найдаж, хүндрэл бэрхшээлийг сөрөхийн тулд бие, сэтгэл зүйгээ сайн бэлдэх шаардлага тулгарах нь.
Бэлтгэсэн М.Оч