Монгол Улсын Ерөнхий сайд энэ удаагийн албан даалгавраараа УИХ-ын 2024 оны сонгуулийн дүнд шинээр эмхлэн байгуулсан, хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсантай холбогдуулан нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой дараах төсөл, арга хэмжээний биелэлтийг хангаж, 2024 онд багтаан үр дүн гаргах зорилгыг албажуулж байгаа юм.
Энэхүү албан даалгавраар Засгийн газрын гишүүн тус бүрд 3-9, нийт 129 арга хэмжээг тусгаж, төсөл, арга хэмжээний ач холбогдол, хүлээгдэж буй үр дүнг иргэд, олон нийтэд таниулах, нэгдсэн тайлангийн арга хэмжээг 2024 оны арван хоёрдугаар сарын 20-ны өдөр зохион байгуулах бэлтгэл хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгалаа.
Хамтарсан Засгийн газрын “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээг удирдлага болгон нийгэм, эдийн засаг, засаглал, бүсчилсэн хөгжлийн бодлогын үндсэн дөрвөн чиглэлийг тодорхойлж, дэд бүтэц, бүтээн байгуулалтын 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгаснаараа уг хөтөлбөр онцлог юм.
У.ОРГИЛМАА