Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг зохион байгуулахад хамтран идэвх зүтгэл гарган оролцсонд талархал илэрхийлсэн.
Уулзалтаар хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг сайжруулах, салбарын төсөв санхүүгийн удирдлагыг бэхжүүлэхэд НҮБХХ-ийн дэмжлэгтэй хэрэгжүүлж буй үйл ажиллагааны үр дүн болон цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай хэлэлцэн, санал солилцлоо.
Европын Холбооны санхүүжилттэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд хамтран хэрэгжүүлсэн ажлын үр дүнг тогтвортой авч явах, тухайлбал “Ажил олгогчийг дэмжих туршилтын төсөл”-ийн хэрэгжилтийг идэвхжүүлэх, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг шинэчлэх, МБСБ-ын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааны системийг тогтвортой ажиллуулах зэрэг асуудлуудыг хөндлөө.