Автобус хүлээсэн, ажил, сургуульдаа яарсан иргэдийн бухимдлаар хотын өглөө эхэлдэг болоод удлаа. Тэр дундаа төв замаар зорчигчдын хувьд нийтийн тээвэртээ “гологдож” хоцрох, арайхийн багтлаа гэхэд хавчигдаж даруулах энүүхэнд болсон. Учир нь хотын төв замын хамгийн эрэлттэй, урт маршрутын нэг М1 дугаарын Таван шар-Офицеруудын ордон чиглэлийн автобусны жолооч нар өглөө, оройны оргил ачааллын үеэр минутаараа үйлчилгээнд явдаггүй, ирэхээрээ зорчигчдоо суулгадаггүй, зугтдаг үзэгдэл хавтгайрлаа.
Уг нь автобусны чиглэлүүдийг энэ онд өөрчилж, богино, уртын эргэлтүүдийн тоог нэмж, хассанаар нийтийн тээврийн үйлчилгээний хурдыг 25-30 хувиар нэмэгдүүлсэн гэж хотын захиргаанаас бидэнд мэдээлсэн. Гэвч ачир дээрээ иргэд автобусанд багтдаггүй хэвээрээ. М1 чиглэлд 91 автобус хоорондоо 2-3 минутын зайтай иргэдэд үйлчлэх хуваарьтай. Жолооч нарын хэлснээр өдгөө энэ чиглэлд өдөрт дунджаар 50 гаруй автобус үйлчилгээнд явуулдаг аж. Гэтэл төв замын зорчигчид яагаад уг чиглэлийн автобусанд багтахгүй байна вэ.
Есдүгээр сар гарснаас хойш нөхцөл байдал бүр ч дордож, түгжрэл нэмэгдэх хэрээр мөнөөх М1 чиглэлийн 50, 60 автобус нэг бол төв замынхаа хойно нь эгнээд гацчихдаг, эсвэл урд талдаа гараад угсраад зогсчихдог болж. Жолооч нар ч үйлчлүүлэгчдэд энэ тухайгаа учирлаж, хүнээ багтааж хүчрэхгүй тохиолдолд буудалдаа зогсолгүй, давхичихдаг болсон гэх. Зарим нь бүр зориулалтын бус газарт хүнээ буулгачхаад автобусны буудалд багширсан зорчигчдоос дөлдөг болчихсон ч байх шиг. Хүмүүс автобусаа хүлээсээр, зарим үед нэг буудлаас 200, 300-гаараа явгарах энүүхэнд.
Иймд иргэд төв замын хамгийн эрэлттэй М1 чиглэлийг хувааж, богино эргэлттэй болгохыг жолооч нараас шаардаж эхэлжээ. Тус чиглэл нь нийслэлийн нийтийн тээврийн хамгийн урт зургаан маршрутын нэг. Түгжрэл ихсэхэд энэ чиглэлийнхний ажил, сургууль, ахуй амьдрал, эмнэлгийн үйлчилгээ гээд бүгд тасалддаг. Тиймээс оргил ачааллын үеэр нэг талдаа хов хоосон гацчихдаг автобуснуудаа зүүн, баруун талаасаа Сүхбаатарын талбайгаар эргүүлэх зохицуулалт хийхгүй бол горьгүй нь ээ.
Удахгүй хүйтэрч, түгжрэл улам нэмэгдэнэ. Тэр үед автобуснууд энэ мэтээр зугтаад байвал иргэд хөлдөж үхэх нь байна шүү, хотын дарга аа.
О.УНДРАХ