Хан-Уул дүүргийн нутаг, Яармагийн Арцатын аманд байрлах “Смарт” олон улсын сургуулийн байрыг 30 орчим хүн өнгөрсөн даваа гарагт хүч хэрэглэн битүүмжилж, багш, сурагчдыг нь дотогш нэвтрүүлээгүй. Үүний улмаас тус сургуулийн 700 гаруй сурагч, 80 орчим багш, ажилтан анги руугаа орох нь бүү хэл, хаалганы гаднаас чирүүлж, хөөгджээ. Харин өчигдрөөс хичээл, сургалт хэвийн үргэлжилж буйг “Смарт” олон улсын сургуулийн захирал хэлсэн юм. Гэвч сургуулийн барилгын өмчийн маргаан эцэслэн шийдэгдээгүй тул хэзээ дахин ийм асуудал дэгдэхийг хэлж мэдэхгүй гэв.
Учрыг тодруулбал, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан барилгыг 2023 онд худалдах, худалдан авах гэрээгээр сургуулийн талд шилжүүлсэн аж. Гэрээний хүчинтэй хугацаа 2028 онд дуусах бөгөөд сургуулийн удирдлага өнгөрсөн оноос эхлэн графикийн дагуу төлбөрөө заасан хугацаанд нь төлж иржээ. Гэтэл Т.Баясгалан энэхүү хүчин төгөлдөр гэрээгээ зөрчиж, хүүхдүүдийн эрх ашгийг ноцтой хохироогоод зогсохгүй объектыг хууль бусаар гуравдагч этгээдэд дамлан шилжүүлснийг “Смарт” сургуулийнхан олж мэдсэн аж. Ингээд тэд эл хэргийг шалгуулахаар холбогдох шатны шүүхэд хандаад буй гэнэ.
Т.Баясгалан өмнө нь ч сургуулийн барилгыг өмчийн маргаантай гэх шалтгаанаар сургалтын үйл ажиллагааг нь удаа дараа доголдуулж, хүүхдүүдийн сурах эрхэд халдсаар ирсэн гэх. Энэ удаад асуудлыг улам “хүндрүүлж”, хамгаалалтын албаных байж болзошгүй залуусыг сургууль руу дайран оруулж, үймээн самуун дэгдээн, битүүмжилсэн нь хүүхэд, эцэг, эх, багш нарыг айдаст автууллаа.
О.ОРГИЛОХ