Зуны олимпын наадмын уралдаан тэмцээний эргэн тойронд болж буй үйл явдлуудаас хүргэе.
Сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн тэмцээнд АНУ-ын “Мөрөөдлийн баг” Францын шигшээг 98:87-гоор хожин, алтан медаль авлаа. Гэхдээ энэ олимпод “Мөрөөдлийн баг” бусдаас илт тасархай байсангүй. Хагас шигшээ болон финалд АНУ-ын багийн ялалтад Стефен Көрри гол үүрэг гүйцэтгэсэн. Стеф Сербийн багийн эсрэг гурван онооны шидэлтийг есөн удаа амжилттай гүйцэтгэсэн юм. Мөн Францын эсрэг найман удаа холоос оновчтой “буудсан”. Көрри ийнхүү анх удаа олимпод оролцоод аварга боллоо. Харин Леброн Жэймс гурав, Кевин Дюрант дөрөв дэх олимпын алтан медалиа зүүв. Эл төрөлд хүрэл медалийг Никола Йокич тэргүүтэй сербичүүд Германы багийг 93:83-аар хожсоноор хүртсэн юм.
БРАЗИЛ БҮСГҮЙЧҮҮД ГУРАВ ДАХИА УДААЛАВ
Эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн финалд АНУ-ын баг Бразилыг 1:0- ээр хожин, тав дахь удаагаа олимпын аварга (1996, 2004, 2008, 2012, 2024) боллоо. Харин Бразилын бүсгүйчүүд олимпын гурав дахь мөнгөн медалиа авав. Ингэхдээ тэд гурвууланд нь (2004, 2008, 2024) АНУ-ын багт нэг бөмбөгөөр хожигдсон нь сонирхолтой. Дээрх хоёр улсын хооронд болсон олимпын гурван финалд оролцсон ганц тоглогч нь Бразилын Марта байлаа.
ҮЗҮҮШТЭЙ ӨРСӨЛДӨӨН
Хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн өндрийн харайлтын тэмцээн үнэхээр сонирхолтой боллоо. Олимп, дэлхийн аварга, Катарын алдарт харайгч Мутаз Эсса Башрим “дөнгөж” 2.34 метр дээгүүр харайв. Ингэснээр тэрбээр олимпын алт, хошой мөнгөн медаль дээрээ хүрэл медаль нэмлээ. Харин алтын төлөө Шинэ Зеландын Хэмиш Керр, АНУ-ын Шелби Макюэн нар тун үзүүштэй өрсөлдөөн үзүүлэв. Тэд адилхан 2.36 метрийг давсан. Бас 2.38 метрийг давж чадаагүйгээрээ ч адил байв. Оролдлогынх нь тоо ч адилхан. Ингээд хөндлөвчийг 2.34 метрийн өндөртэй байрлуулж, хэн давсан нь алтан медаль хүртэхээр боллоо. Хөл бөмбөгөөр бол тоглолтын дараах “пенальти”-иар ялагчийг шийдвэрлэж байна гэсэн үг. Үүний дараа Шинэ Зеландын харайгч Х.Керр ялж, олимпын аваргаар шалгарав.
“ХУВЬСГАЛЧИД” ЯЛЛАА
Элсний волейболын эрэгтэйчүүдийн финалд Шведийн тамирчид германчуудыг хоёр сетэд итгэлтэйгээр хожин, олимпын аварга боллоо. Элсний волейболд “хувьсгал” хийсэн Шведийн Давид Оман, Йонатан Хелльвиг нарын тоглолтын шинэ арга барил үр дүнгээ ийнхүү үзүүлж байна. Тодруулбал, тэд элсний волейболын уламжлалт бөмбөг авалт, дамжуулалт, довтолгоо гэсэн дарааллыг эвдсэн. Швед тамирчид уг дарааллын дагуу биш, хоёр дахь хүрэлтээ шууд довтолгоо (бөмбөг авалт, довтолгоо) болгон тоглож буй билээ.
Бэлтгэсэн Ц.Энхтүвшин