“Парис-2024” зуны олимпын наадам өндөрлөлөө. Зуны 33 дахь удаагийн нээлтийн ёслолын завьт парадад Монгол Улсын Төрийн далбааг намируулсан Гавьяат тамирчин, марафонч Б.Сэр-Од зургаа дахь олимпдоо оролцов. Тэрбээр 42 км замыг хоёр цаг 42 минут 33 секундэд туулснаар 71 дүгээр байр эзэлсэн юм. Ингэснээр Б.Сэр-Од олимпын наадамд хөнгөн атлетикийн төрлөөр хамгийн олон удаа оролцсон тамирчин болж, Гиннесийн амжилт тогтоолоо.
Түүнийг 42 км-ийн марафонд уралдах ус гөх үн байсангүй. Энэ нь Монголын үндэсний олимпын холбоог олон хүн шүүмжлэх шалтгаан боллоо. Үүнтэй холбогдуулан Б.Сэр-Одын дасгалжуулагч О.Оюунтуяа “Би гараа болон барианд ажилласан. Зам хаасан учраас нааш цааш явах унаа бүгд хаалттай. Албан ёсны карттай хүн л усны цэгүүд рүү нэвтрэх боломжтой. Тиймээс өглөө гараанд гарахаас нь өмнө уух зүйл байрлуулах цэг тус бүрээр нь хариуцсан хүмүүст нь хүлээлгэж өгсөн. Тэд мөстэй саванд байлгаж байгаад дөхөөд ирэхэд нь далбаатай ширээн дээр гаргаж байршуулдаг” гэсэн юм.
“Парис-2024” зуны олимпын эмэгтэйчүүдийн марафоны тэмцээн өчигдөр боллоо. Шилдэг 91 тамирчин өрсөлдсөн тус төрөлд манай улсаас Б.Мөнхзаяа, Г.Хишигсайхан нар оролцов. Ингээд Г.Хишигсайхан хоёр цаг 33 минут 26 секундийн амжилтаар 47 дугаар байр эзэлсэн юм. Б.Мөнхзаяагийн хувьд хоёр цаг 33 минут 27 секундийн 48 дугаар байрт бичигдлээ.
Түүнчлэн хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Гавьяат тамирчин, дэлхийн аварга М.Анхцэцэг уржигдар өрсөлдөв. Тэрбээр огцом өргөлтийн төрөлд 100 кг захиалж, эхний өргөлтөө амжилттай гүйцэтгэсэн. Харин хоёр болон гурав дахь оролдлогоороо 106, 108 кг-ыг захиалсан ч өргөж чадсангүй. Ингэснээр тэрбээр нийт 225 оноогоор олимпын наадмын 81 кг-ын жинд 10 дугаар байр эзэлсэн юм.
Мөн чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд Гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон өрсөлдсөн. Тэрбээр эхний даваанд Украины бөх Ирина Колиаденкотой барилдаж, 7:8 харьцаатай ялагдсан. Улмаар дагах барилдаанд Болгарын бөх Дудова Биляна Живковааг ялснаар хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон . Тэгвэл тэрбээр медалийн төлөө Киргизийн тамирчин Айсулуу Тыны бековатай өрсөлдөж, 6:6-гийн харьцаатай ялагдав. Ингэснээр П.Орхон олимпын наадмын шагналт тавдугаар байрт шалгарсан юм.
Харин эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Гавьяат тамирчин Т.Тулга өрсөлдлөө. Тэрбээр Армени улсын бөх Вазген Теванянтай шөвгийн наймд барилдаж, 7:5 харьцаатайгаар ялалт байгуулсан. Улмаар шөвгийн дөрөвт Япон Улсын бөх Киёока Котарод 1:5-аар ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдахаар болсон. Тэрбээр медалийн төлөөх барилдаанд Пуэрто Рико улсын тамирчин Себастьян Ривейратай учраа таарч 10:9-өөр ялагдсанаар, шагналт тавдугаар байрт шалгарлаа.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн