Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэд амралт, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж голын голдирлыг өөрчилснөөс айлууд үерт автаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 10-нд холбогдох байгууллагуудад өгчээ. Үүний дагуу тухайн байршилд хяналт шалгалт хийж буйгаа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээлэв. Үргэлжлэн орсон борооны улмаас Туул голын усны түвшин нэмэгдэж, эргээ давж, улмаар голын эрэг нуржээ. Ингэснээр Туул голын хамгаалалтын бүсэд орсон айлууд усанд автсан байна.
Хан-Уул дүүргийн Онцгой байдлын газрынхан, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт ажиллаж, усанд автсан дөрвөн айлыг нүүлгэн шилжүүлжээ. Мөн тус хорооны нутагт ус хангамжийн шинэ эх үүсвэр бий болгох төслийн хүрээнд барилга угсралтын ажил гүйцэтгэж буй аж ахуйн нэгж, байгууллагууд хамтран голын даланг бэхжүүлэн, дайрга асгаж өндөрлөх ажлыг гүйцэтгэсэн аж.
Сэлбэ голд үерийн хамгаалалтын даланг барих ажил 50 хувьтай үргэлжилж буй юм байна. Уг ажлын хүрээнд нийт 1.5 км үерийн далан барих аж. Мөн “Натур”-ын гүүрний хойд хэсэгт 130 метр түшиц хана хийхээр төлөвлөжээ. Цутгалтыг ирэх долоо хоногоос эхлэх гэнэ. Улаанбаатар хотын хэмжээнд одоогоор таван байршилд үерийн хамгаалалтын далан шинэчилж, зарим байршилд шинээр барьж байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр буюу Жаргалантын аманд нэг км үерийн далан барьж буй аж. Мөн өнгөрсөн жилийн үерээр Улиастайн гол орчимд хоёр байршилд үерийн хамгаалалтын далан эвдэрч, хавтангууд нь урссан. Дээрх байршлын үерийн хамгаалалтын даланг шинэчилж байна.
Үерт автсаны улмаас эвдрээд байсан Улаанбаатар-Чойр чиглэлийн авто замын 257-258 дахь км-ийн далан хөвөөг засварлаж, хөдөлгөөнийг өчигдөр нээжээ. Одоогийн байдлаар тус замын 242 дахь км-т далан хөвөөг засварлаж ажлыг “Поларис рөүд инженеринг” ХХК үргэлжлүүлэн гүйцэтгэж буй. Мөн Хархорин-Цэцэрлэг чиглэлийн улсын чанартай авто замын 104-106 км дэх хэсэг үерийн улмаас угаагдаж, хөвөө нь урссаныг засаж байгаа аж. Тодруулбал, Элсэн тасархай-Хархорин чиглэлийн авто замын 345-365 дахь км, Хархорин-Цэцэрлэг чиглэлийн замын эхний нэг км орчмын хэсэг нь үeрийн улмаас эвдэрснийг сэргээн засварлаж байна. Дархан-Уул-Орхон чиглэлийн замын 55, 60-62 дахь км-т авто замын хөвөө, шуудуу угаагдсан тул шороогоор дүүргэж ажлыг “Дархан АЗЗА” ТӨХК хийж байна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.
Түүнчлэн Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замын 271-272 км-т энэ сарын 9-нд хүчтэй аадар бороо орсны улмаас зорчих хэсэгт ус давсан талаар Зам, тээврийн хөгжлийн төвөөс мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Дундговийн Мандалговь чиглэлд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаанд хааж, 10-ны 06.00 цагт нээжээ. Тэхдээ одоохондоо нэг эгнээ замаар зөвхөн суудлын автомашин зорчуулж буй аж. Харин том оврын ачааны машины хөдөлгөөнийг зогсоосон хэвээр байна.
Бэлтгэсэн Ц.Анударь