Манай улсад одоогоор сургуулийн насны 825 мянга гаруй хүүхэд бий аж. Энэ тоо 2030 он хүртэл тогтмол өсөх бөгөөд тэр хэрээр ерөнхий боловсролын сургуулиудын багшийн эрэлт нэмэгдэх төлөвтэй гэнэ. Гэтэл манай улс ирэх жилүүдэд шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх нь битгий хэл, яг одоо дутагдалтай 4200 багшийн орон тоог нөхөж чадахгүй байна. Олон улсад хөдөлмөрийн насны хүн амын ажиллах хүчний гурван хувийг ерөнхий боловсролын сургуулийн багш нар эзэлдэг аж. Харин манай улсад эл үзүүлэлт 2.88 хувьтай гэнэ. Бас сүүлийн жилүүдэд манай хөдөлмөрийн зах зээл дэх багш нар болон энэ чиглэлээр их, дээд сургууль төгсөгчдийн тоо тогтмол буурч буй юм байна.
Үүнтэй холбоотойгоор ерөнхий боловсролын сургуулийн багшийн хөдөлмөрийн зах зээлийн тойм шинжилгээ, урьдчилсан тооцооллыг Боловсролын яамнаас хийхээр болжээ. Тус шинжилгээгээр зах зээлийн дунд хугацааны төлөв, хандлагыг тодорхойлох бөгөөд түүндээ суурилан цаашдын төсөв санхүүг тооцоолох, бодлого төлөвлөх, бэлтгэл хангах боломж бүрдэх гэнэ. Хамгийн чухал нь багшийн эрэлтийг урьдчилан тооцоолсны үндсэн дээр хомсдолоос сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлэх нь. “Асуудлын араас нөхөж бус, урьдчилан тооцоолж, бэлтгэх ёстой” гэж Боловсролын сайд онцолжээ. Үүнтэй холбоотойгоор холбогдох журам, шийдвэрүүдийг ойрын хугацаанд гаргахаа мөн илэрхийлсэн байна. Түүнчлэн тойм шинжилгээний тайланг эцсийн байдлаар бэлэн болмогц цахим орчинд байршуулж, олон нийтэд нээлттэй хүргэх гэнэ.
Бэлтгэсэн М.Оч