Парламентын шинэ гишүүдэд ёс зүйн хэм хэмжээний талаар номын дуу сонсгоё. Бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөдөг тангаргаа сахин биелүүлэхэд нь туслах ёс зүйн дүрмийг ой тойнд нь ортол сануулъя. Ард түмний засаглах эрхийг хангах үндсэн зорилго бүхий төлөөллийн дээд байгууллагад гишүүн, хууль тогтоогчоор сонгогдсон хүн үүрэг хариуцлага, ёс зүйн хэм хэмжээгээ хэрхэн ухамсарлаж, нийгэмд зөв үлгэрлэл, манлайлал үзүүлэх ёстойг ч ойлгуулъя. Үгүй бол энэ талаар ойлголт, мэдлэг нимгэн, улс төрийн наад захын соёл, боловсролгүй хүмүүс УИХ-ын гишүүнийг юу ч хийж, яаж ч авирлаж болох хэмжээгүй эрхт албан тушаалтан мэт ойлгож, буруу булхай зүйлсийг хэвийн үзэгдэл болгох гажуу жишгийг нийгэмд улам гүн бат “суулгах нь”.
Үүний нотолгоо болгож саяхны нэгэн жишээг дурдъя. Энэ удаагийн парламентад Иргэний зориг ногоон намаас жагсаалтаар сонгогдон УИХ-ын гишүүн болсон дуучин Нара буюу М.Нарантуяа тангаргаа өргөөд хэдхэн хонож байхдаа ёс бус үйлдлийг нь шүүмжилсэн иргэд, сонгогчдын өмнөөс “агсамнаж”, над шиг ил тод, нээлттэй, ёс зүйтэй хүн байхгүй гэж цамнав. Төрийн эрх барих дээд байгууллагад төлөөлөл болон очсон хүн нийгмийн сүлжээгээр бараа, бүтээгдэхүүн сурталчлан хээвнэг лайв хийж, явцуу эрх ашгийнхаа төлөө ажиллах нь улс төрчийн соёл, ёс зүйд нийцэхгүй үйлдэл хэмээн олон нийт түүнийг шүүмжилж, бухимдсан юм. Харин тэрбээр аанай л шүүмжлэлийг нь эрс няцааж, “Гишүүн боллоо гээд хувь хүний эрхгүй болчихгүй. Үзэл бодлоо илэрхийлэх, ярилцах, баяр гунигаа хуваалцах орон зай байх ёстой. Гишүүний нэр хүнд зэргээр лайв “олоод” байдаг зүйл үгүй. Жижиг, дунд арилжаа наймаа эрхэлдэг хүмүүсийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэдэг талаараа ярих нь тухайн дэлгүүрт нэг их давуу эрх мэдэл олгохгүй” гэж хариу тайлбар хэлсэн юм.
Ингээд зогсохгүй “Лайв хийж, хууль бус орлого оллоо гэж шүүмжилж байгаа хүмүүс одооноос өмнөх сайд, гишүүдийн Хөгжлийн банк, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Боловсролын зээлийн сан, тендерийн шахаатай холбоотой ноцтой түмэн асуудлыг илүү өргөн цар хүрээтэй, нэхэл хатуутай шүүмжилж, хууль, эрх зүйн хүрээнд хариуцлага нэхдэг болох эх суурийг би тавьж байна. Худал ярьж, хулгай хийсэн биш, тэртэй, тэргүй хэрэглэж, өмсөж зүүж байгааг хүн асуухад хэлэх нь бузар булхай, хулгай зэлгий, эсвэл хэн нэгэнд давуу эрх олгосонд тооцогдохгүй. Гэхдээ үнэхээр улсын боломжийг чимээгүйхэн хулгайлж тансаглаад, чимээгүйхэн баяжиж нууцлаг амьдардаг, нэр холбогдохоороо гүрийж “ширлэдэг” эрхмүүддээ дассан улс юм байж” хэмээн өөрийгөө хаацайлав.
Уг нь гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ баримтлах ёс зүйн дүрэмд “Хувийн ашиг сонирхлоор хэн нэг хүн, хэсэг бүлэг хүмүүс, байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжихийг хориглоно” гээд тов тодорхой заачихсан байдаг юм. Харамсалтай нь, “лайвчин” гишүүн үүнийг мэддэггүй, уншиж танилцаа ч үгүй бололтой. Ёс зүйн шаардлагын толгойд байдаг “Ард түмний элчийн хувьд нийт иргэн, улсынхаа эрх ашгийг эрхэмлэх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэх, хүндэтгэлтэй хандах”, хэм хэмжээ гэсэн хэсэгт буй “Биеэ авч явах, шударга байдлаараа нийгэмд үлгэрлэх” хэмээх заалтыг ч тэрбээр сайн ухаж ойлгоогүй аж. Тэрчлэн УИХ-ын гишүүн хүн бусдыг төөрөгдүүлэх, үндэслэлгүй мэдээлэл түгээхийг хориглодог. Бараа, бүтээгдэхүүн сурталчилсан лайв хийнэ гэдэг нь хувийн ашиг сонирхлоо дээгүүрт тавьсан, аль нэгэн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг илт дэмжиж сурталчилсан, цаашлаад бусдыг ятган үнэмшүүлэх, төөрөлдүүлэх зорилготой мэдээлэл түгээсэн үйлдэл мөнөөс мөн. “Хулгай, луйвар хийсэн сайд дарга нарт хариуцлага тооцож чадахгүй байж надтай бүү арсалд” хэмээх хандлагаар иргэдийг буруутгаж, “хашхичиж” байгаа нь л өөрөө ёс зүйн асар том доголдол юм.
Ёс зүйн хэм хэмжүүрт нэг хүний буруу үйлдлийг өөр бусдынхтай харьцуулах замаар жинлэж, үнэлэмж тогтоодог ойлголт байхгүй. Алдаа л бол алдаа, зөрчил л бол зөрчил, хууль бус үйлдэл л бол үйлдэл. “Надаас илүү муу зүйл хийсэн хүн байхад миний энэ үйлдэл хажууд нь юу ч биш” хэмээх өмгөөлөл, хаацайлал байх ёсгүй. “Тэр байтугай муу муухайг хүмүүс үйлдэж байхад энэ зэргийн зүйл байлгүй яах вэ” гэх цагаатгал, эерүүлэл ч байх учиргүй. Тэр дундаа төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн, хууль тогтоогч хүн онцгой өндөр хариуцлагатай, ёс зүйтэй байх ёстой. Ард түмний итгэл хүлээж, тэдний элч болон сонгогдсоных үг, үйлдэл бүрдээ хянамгай хандаж, нийгэмд үнэн, зөвийн үлгэрлэл үзүүлэх учиртай. Харамсалтай нь, манай улсын парламентын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд энэ бүхнийг ухамсарладаггүйгээс, бүрэн эрхийнхээ хугацааг хувийн эрх ашгаа гүйцэлдүүлэх боломж хэмээн хардгаас ёс зүйн алдаа, хууль бус үйлдэл байнга гаргасаар байна. Ингээд зогсохгүй ёс зүйгүй үйлдлээ өмөөрч, өнгөлөн далдлах үүднээс дабль стандарт тогтоодог боллоо.
Гэр бүлийнхнээ хүчирхийлдэг гэх баримтууд нь удаа дараа дэлгэгдэж, өнгөрсөн жилүүдэд шуугиан тарьсан УИХ-ын гишүүн Ч.Ундрам ч телевизийн ярилцлагын үеэр “Өнөөдөр Монгол Улсад амьдрал маш хэцүү, асуудал их байна. Үнийн өсөлт, нүүрсний хулгай гээд. Хулгай зэлгий нь дэндэж, амьдрал дордож байна. Энэ үед би ажил, амьдралаа тусдаа байлгах зарчим баримталж ирсэн. Тэр тулдаа өнөөдрийг хүртэл энэ талаар (гэр бүлийн асуудлаар) янз бүрийн юм яриагүй” хэмээн өгүүлж байв. Бас л М.Нарантуяа гишүүний адилаар өөрийнхөө үйлдлийг хаацайлах гэж оролдсон нь эндээс тодорхой харагддаг. Үнийн өсөлт, “нүүрсний хулгай”-н хэрэг гээд илүү ноцтой асуудал тулгараад байхад нэг гэр бүлийн маргаан хажууд нь юу юм, төрөөс хулгай хийсэн хүмүүсийн дэргэд миний үйлдэл юу ч биш гэх өнөөх л харьцуулалт. Энэ бол ёс зүйн хэм хэмжээг уландаа гишгэж, ёс бус аашлагчдын гаргадаг нийтлэг алдаа, нийгэмд тогтоохыг зорьж буй дабль стандарт юм.
Гадаадын аль нэг орон, ялангуяа ёс зүйн хэм хэмжээг хамгийн чухалд тооцдог үе уламжилсан бодлоготой Япон, Хятад, Солонгос зэрэг улсад хэн нэгэн улс төрч бараа, бүтээгдэхүүн сурталчилдаг лайв хийсэн бол яах вэ. Парламент, Засгийн газрынх нь гишүүн гэр бүлийнхнээ хүчирхийлж, дарамталдаг нь дэлгэгдвэл хэрхэх бол. Алдаа дутагдлаа хүлээхийн оронд өөрийгөө өмөөрч, иргэдээ буруутгавал яах вэ. Маргаангүй үнэн нь тэд энэ үйлдлийг яавч зүгээр өнгөрөөхгүй. Магадгүй аль нэгэн байгууллагаас хариуцлага тооцох шийдвэр гаргахаас урьтаад алдаа гаргасан хүн нь иргэд, олон нийтээс уучлал эрж, өөрийн хүсэлтээр суудлаасаа буух болов уу. Ерөөс тэд ёс зүйг хувь хүнийг тодорхойлох эрхэм чанар, нийгмийн хөгжил, хүн хоорондын харилцааны гол үнэт зүйл хэмээн чухалчилдаг юм. Тиймээс ёс зүйн хариуцлагыг хамгийн хүнд шийтгэл гэж үздэг аж. “Ёс зүйн хариуцлага нь тухайн хүнийг хэн бэ гэдгийг илэрхийлдэг учраас хуулийн хариуцлагаас ч хатуу, хэцүүд тооцогддог” хэмээн Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, хуульч С.Нарангэрэл өгүүлсэн. Гэтэл манай улсад ёс зүйн хэм хэмжээ бүх салбар, нийгмийн давхаргад алдагдсанаас энэ төрлийн шийтгэлийг хүмүүс юман чинээ тоохгүй, хариуцлага ч тооцохгүй байна. “Нийт иргэн, улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэх, Үндсэн хууль, хууль ёсыг дээдлэн сахиж биелүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, биеэ авч явах, шударга байдлаараа үлгэр дуурайл үзүүлэх зэрэг ёс зүйн хэм хэмжээг бүрэн эрхийнхээ хугацаанд мөрдлөг болгоно” хэмээн төрийн сүлдэндээ тангараг өргөдөг гишүүд нь хүртэл хамгийн ёс зүйгүй авир, үйлдэл гаргасаар хэвийн үзэгдэл болголоо. Тиймээс холимог тогтолцоогоор бүрдсэн, “нүсэр” бүтэцтэй анхны парламентын гишүүдэд ёс зүйн хэм хэмжээний талаар номын дуу сонсгоё. Гишүүддээ хариуцлага тооцож чаддаггүй Ёс зүй, дэгийн байнгын хорооныхныг ч ийм хичээлд суулгая. Сахилга хариуцлагын оновчтой тогтолцоо бүрдүүлж, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх зорилтыг урт хугацааны хөгжлийн бодлогодоо тусгасных ёс зүй, сахилга хариуцлагыг юуны түрүүнд парламентын түвшинд бий болгоё.
Ч.Ундрам гишүүнтэй холбоотой дэлгэгдсэн баримтууд бүгд үнэн, зөв биш байж болох ч архидан согтуурсан үедээ гэртээ агсам тавьж, өсвөр насны хүүхдээ цохиж байгаа нь дүрс бичлэгтэйгээ нийгмийн сүлжээнд цацагдсан. Энэ бол түүнд хариуцлага тооцох хангалттай үндэслэл, шалтгаан байсан. Хачирхалтай нь, түүний намын бөгөөд журмын нөхөд нь “Хүний хувийн амьдралыг улстөржүүлж болохгүй” хэмээн өмгөөлж, хамгаалсаар шуугианыг намжаасан юм. УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооныхон ч энэ асуудлыг тойрч гүйсээр байгаад л хав дарж, мартагнуулсан. Уг нь энэ үйлдэл нь түүнийг төрийн эрх барих дээд байгууллагад ажиллах ёс зүйн наад захын шаардлага, шалгуур хангахгүй нэгэн гэдгийг хангалттай “хэлээд” өгчихсөн юм. Гэвч гэнэн, мартамхай сонгогчид түүнд хоёр дахиа итгэл хүлээлгэж, парламентад дахин илгээсэн. УИХ- ын гишүүд ч түүнд итгэл хүлээлгэж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар томилоод байна. Монголд ёс зүйн алдаа гаргасан хүн шийтгүүлэх бус, “шагнуулдаг”-ийн жишээ нь энэ болов.
Бэлтгэсэн Н.Мишээл