Филиппиний Нью Кларк хотноо зохион байгуулагдсан Олон улсын цөмийн физикийн анхдугаар олимпиадад Монгол Улсын багийн гишүүн МУИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Ням-Аюушийн ТҮВШИН, 10 дугаар ангийн сурагч Ганзоригийн ХҮСЛЭН нар хүрэл медаль хүртлээ.
Мөн тус ахлах сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Нэргүйн АНУДАРЬ, 10 дугаар ангийн сурагч Мөнхтүвшингийн АНХБАЯР нар Олон улсын цөмийн физикийн олимпиадад амжилттай оролцлоо.
Багийн ахлагч, дасгалжуулагч багшаар Мягмаржавын ОДСҮРЭН /МУИС, ИТС-ийн дэд профессор/
Багийн ахлагч, дасгалжуулагч багшаар Батсайханы ӨСӨХБАЯР /МУИС, ЦФСТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан/
Олон улсын цөмийн физикийн олимпиад нь Олон улсын атомын энергийн агентлаг (International Atomic Energy Agency)-ын ивээл дор зохион байгуулагдсан.
Монгол Улсын багт дэмжлэг үзүүлсэн Цөмийн энергийн комиссын ажлын алба, МУИС-ИТС, МУИС-БЭЛАС, МУИС-ЦФСТ-ийн хамт олонд талархал илэрхийлье.
Монгол Улс 1965 онд хуучнаар ЗХУ-д бэлтгэгдэн ирсэн мэргэжилтнүүдээр МУИС-д Цөмийн физикийн шинжилгээний группийг анхлан байгуулж, 1970 онд Цөмийн физикээр мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэн гаргасан. Өдгөө МУИС-ийн Инженер, технологийн сургуульд “Цөмийн инженерчлэл” бакалавр, “Цөмийн технологи”, “Цөмийн эрчим хүч” хөтөлбөрөөр магистр, “Цөмийн технологи” хөтөлбөрөөр доктор зэрэгтэй мэргэжилтнүүдийг бэлтгэж байна.