Нийслэлийн ЗДТГ-ынхан Яармаг руу бүрэн бүрэлдэхүүнээрээ нүүж дууссан тухай хотын дарга Х.Нямбаатар өчигдөр мэдээлэв. Түүнчлэн нийслэлийн харьяа газар, агентлагуудын дийлэнх нь ч нүүж дуусаад буй гэнэ. Одоогоор нийслэлийн Эрүүл мэндийн болон Байгаль орчны газрынхан хараахан Яармагт төвхнөж амжаагүй юм байна. Тиймээс дээрх хоёр газраас бусад агентлагаас үйлчилгээ авах иргэд Яармагт байрлах нийслэлийн засаг захиргааны цогцолбор луу очих шаардлагатай болох нь.
Үүний талаар Засаг дарга Х.Нямбаатар “Нийслэлийн ЗДТГ өнөөдөр (өчигдөр) Яармагт байрлалтай шинэ “Хангарди” ордондоо бүрэн бүрэлдэхүүнээрээ нүүж ирлээ. Улаанбаатар хотын төвийн түгжрэлийг бууруулах зорилгоор Засгийн газар 2016 онд анх энэ шийдвэрийг гаргасан. Өнгөрсөн найман жилийн дотор барилга байгууламжуудаа барьж дууссанаар нийслэлийн ЗДТГ, түүний харьяа агентлагууд ийнхүү нүүж ирлээ” гэв.
Түүнчлэн тэрбээр Яармагийн түгжрэлийг хоёр жилийн дотор арилгана гэв. Тухайлбал, “Бидний нүүж ирсэн гол зорилго бол хотын төвийн түгжрэлийг задлах. Хоёрдугаарт, Яармагийн түгжрэлийг хоёр жилийн хугацаанд арилгана гэсэн том зорилтыг дэвшүүлж байна. 2025 он гэхэд Яармагийн зургаан эгнээ замыг барина. Энэ ажлыг Дэлхийн банкны санхүүжилтээр хийхээр болсон” хэмээлээ.