“Орчлон” олон улсын цогцолбор сургууль 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн босгон дээр Кембрижийн хөтөлбөрийг цахимаар хэрэгжүүлэх зөвшөөрлийг албан ёсоор авсан талаараа олон нийтэд зарлалаа. Тус сургууль 2008 онд эл хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрхтэй Монголын анхны сургалтын байгууллага болж байсан бол үүнээс 16 жилийн дараа цахимаар явуулах тусгай зөвшөөрлийг авснаар улсдаа төдийгүй Ази, Номхон далайн бүсдээ анхдагч нь болжээ.
Сургалтын бүх үйл ажиллагаа нь 100 хувь цахимаар үргэлжлэх эл хөтөлбөрт нийслэл, орон нутаг, төр, хувийн хэвшлийн гээд аль ч сургуулийн ахлах ангийн сурагчид хамрагдах боломжтой гэнэ. Кембирижийн IGCSE, AS түвшинд IX, XII ангийнхныг хэдийн бүртгэж эхэлснээ ч мэдээлэв.
Кембрижийн цахим хөтөлбөрийг өдгөө дэлхийн 15 орны 56 сургууль хэрэгжүүлж буй гэнэ. Сургуулиудад ийм зөвшөөрөл олгохдоо хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн туршлага, багш, боловсон хүчний нөөц, ур чадвар, сургалтын платформын хангамж, олон улсын шалгалт зохион байгуулах орчин нөхцөл гээд олон шалгуур, шаардлагыг тавьдаг юм байна.
Бэлтгэсэн Н.Мишээл