Нийслэлийн гуравдугаар сургуулийн ойр орчмын явган хүний зам уг нь бусад газрынхаас арай өргөн байдаг. Гэтэл сүүлийн долоо хоногийн хугацаанд тус сургууль орчмын явган хүний замыг нарийсгах нь уу гэлтэй нэг талаас нь ухаад, ундуй сундуй болгоод хаячихав. Явган хүний замыг яагаад эвдсэнийг бид тодруулсан юм. Газар дээр нь очиход тэнд ажиллаж буй хүмүүс “Их тойруу, Бага тойруугийн бүсээс өнгөрсөн жил хийж эхэлсэн дугуйн болон явган хүний зам засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байгаа” гэж хэлэв. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн Х хорооны нутаг буюу гуравдугаар сургуулийн урд талбайн автобусны буудлын явган хүний замыг засварлаж байгааг дурдлаа. Уг ажлыг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ынхан гүйцэтгэж буй аж. Тус компанийн инженер “Явган хүний болон дугуйн замын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг өнгөрсөн сарын
22-ноос эхлүүлсэн. Зуун айлаас Баян-бүрдийн тойрог хүртэл хийхээр төлөвлөсөн. Замын урд хэсэгт ногоон байгууламж, хойно нь дугуйн зам тавих юм” гэв. Энэ хэсгийн замыг өнөөдөр засаж дуусгах ажээ. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн VIII хороонд байрлах “Улаанбаатар” зочид буудлын урд замыг ч сүйтгээд хаячихжээ. Энд дулааны 2А магистраль шугамыг шинэчлэх ажил хийж буй гэнэ. Тус ажлыг “Рутан” компаний хан хариуцаж байгаа аж. Компанийн захирал П.Бямбабаатар “Энэ хэсгийн дулааны шугамыг 1959 онд барьсан. 65 жилийн хугацаанд элэгдэж, хуучирсан тул засварлаж, зам доогуур тунелийн систем барихаар ажиллаж буй . Үүнтэй холбоотойгоор бохир, цэвэр усны шугамыг шинэчилж байна. Зам сэргээх ажлыг “Экспресс зам” ХХК-ийнхан хариуцах юм. Одоогоор Чингисийн өргөн чөлөө, Орбитын гудамжны тунелийг барьж дууссан” гэлээ. Засварын ажлыг өчигдөр эхлүүлсэн бөгөөд маргааш 06.00 цагт замыг нээх нь.
Бэлтгэсэн Б.Амарзаяа