Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг, төрийн тахилгат Суварга хайрхны эх орчмын Орхон гол уул уурхайн үйл ажиллагааны улмаас бохирдож байна гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Уг мэдээллийн дагуу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны мэргэжилтнүүд Архангай аймгийн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн газар, Орхон, Чулуут голын сав газрын захиргааны холбогдох мэргэжилтэн, улсын байцаагчидтай хамтран хяналт шалгалт хийж эхэлжээ. Мөн усны бохирдлыг бууруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулж, тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдээр сэтэрсэн далан, хаалт, суваг шуудууг сэргээн засварлах, бэхжүүлэх ажлыг хийлгүүлж буй гэнэ.
Тухайн голын одоогийн нөхцөл байдал ямар байгааг Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Бандиас тодрууллаа. Тэрбээр “Орхон голын бохирдсон гэх хэсэгт очоод ирлээ. Төр, хувийн хэвшлийн байгууллагын хариуцлагагүй ажлаас болж байгаль орчин доройтож, мянга мянган жил уламжлан нутагшсан Орхоны хөндий дэх нүүдлийн соёл иргэншил үгүй болох аюул нүүрлээд байна. Манай байгалийн цогцолборт газрын хилээс таван километрийн зайд ч уурхай ажиллаж буй. Онгон дагшин байгалийг ингэж сүйтгэж байгаад сэтгэл эмзэглэж байна” гэв.
Бэлтгэсэн Э.Жавзандулам