“Парис-2024”-ийн үеэр Олон улсын олимпын хороо (ОУОХ)-ноос залуучуудын олимпын наадмыг зохион байгуулахтай холбоотой дугуй ширээний уулзалт зохион байгуулжээ. Уг олимпыг зохион байгуулах хүсэлтэй 10 гаруй орны төлөөлөл уулзалтад оролцсон бөгөөд үүнд манай улс ч багтсан аж. Монгол Улс залуучуудын олимпын наадмыг зохион байгуулах хүсэлтээ үүгээрээ илэрхийлж, товч танилцуулга хийсэн байна. ОУОХ-ноос хүсэлтийг нь ч баталгаажуулж. Манай улс 2030, эсвэл 2034 оны залуучуудын зуны олимпын наадам, 2027 оны ОУОХ-ны чуулганыг зохион байгуулах хүсэлт гаргасан аж.
Залуучуудын олимпын наадмыг нь дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд хамгийн анх 2010 онд Сингапур улсад болжээ. Уг наадмыг 15-18 насны тамирчдын дунд явуулдгаараа онцлогтой. Залуучуудын наадмыг зөвхөн спортын уралдаан тэмцээн бус, тогтвортой хөгжлийг эрхэмлэсэн, байгальд ээлтэй, залуучууд руу чиглэсэн дэд бүтэц, боловсрол, хувь хүний хөгжлийн урт хугацааны хөрөнгө оруулалт бүхий цогц арга хэмжээ байдлаар зохион байгуулах бодлогыг ОУОХ-ноос баримталдаг аж.
Хамгийн сүүлд 2024 оны нэгдүгээр сард залуучуудын өвлийн олимпын наадам БНСУ-ын Канвон хотод болсон. Тэгвэл 2026 оны аравдугаар сарын 31-нд залуучуудын зуны олимп Сенегалын Дакар хотноо нээлтээ хийх нь. Эл наадмыг анх удаа Африк тивд зохион байгуулах гэж буй нь энэ аж. Уг наадмаар 35 спортын 244 төрөлд 5000 гаруй тамирчин оролцох төлөвтэй гэнэ.