2024-2025 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийг “E-Mongolia” цахим системээр энэ сарын 12-25-нд бүртгэх юм байна. Улсын хэмжээнд энэ онд 77 285 хүүхэд сургуульд элсэх аж. Анх удаа сургуулийн босго алхах гэж буй зургаан настнуудын сэтгэл зүйг хэрхэн бэлдэх вэ гэдэг асуудал эцэг, эхчүүдэд тулгардаг. Тэгвэл энэ талаар Боловсролын ерөнхий газрын Суралцагчийн хөгжлийн газрын Тэгш хамруулах боловсролын хэлтсийн мэргэжилтэн Э.Нарантуяа дараах зөвлөгөөг өглөө. Тэрбээр “Хамгийн чухал нь хүүхдийнхээ сэтгэл зүйг бэлдэх. Таны хүүхдэд шинэ орчин нөхцөлд өмнө нь харж байгаагүй багш, хүүхдүүдтэй уулзаж, сэтгэл зүйн хувьд дасан зохицох хугацаа хэрэгтэй. Өдөр тутамдаа хийдэг байсан дадлаа өөрчилж, танихгүй, мэдэхгүй зүйлстэй тулгарч, шинэ хүрээлэлд ороход тэдэнд айдас мэдрэгддэг. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдийнхээ сэтгэл зүйг бэлдэх зорилгоор дасан зохицоход нь туслах хэрэгтэй. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө анги, танхимаар нь оруулах, ариун цэврийн өрөөг нь зааж өгөх зэргээр сургуулийн доторх орчныг танилцуулах, сургуулийн гадна талбай, ойр хавийн дэлгүүр, тоглоомын талбай, гэр лүүгээ явах замыг зааж өгөх нь ач холбогдолтой. Мөн хичээлийн цагийн хуваарийг танилцуулах, бусадтай мэндлэхэд сургах, дэг журамтай байх, “Бие засъя” гэж багшдаа хэлээрэй гэх мэтээр санаа бодлоо илэрхийлдэг байхыг ойлгуулах нь зүйтэй. Үүнээс гадна сургуульд элсэн орж буй учир шалтгааныг тайлбарлаж, цэцэрлэгээс ялгаатай гэдгийг хэлж өгснөөр хүүхэд сурагч болох гэж байгаагаа ухамсарладаг” гэв. Үүнээс гадна хүүхдүүд ямар мэдлэг, ур чадвар эзэмшсэн байх ёстойг лавлахад “Сургуульд элсэн орохын өмнө заавал үсэг мэддэг байх шаардлагагүй. Гэсэн хэдий ч эцэг, эхчүүд хүүхдийнхээ гарын жижиг булчинг хөгжүүлэх дасгал хийлгэснээр тэд үзэг барьж эхлэхэд хүндрэл бага гарна. Дүрс зуруулах, харандаагаа урдаас нь хойш чиглэлтэй будаарай гэх мэтээр хүүхдээ бэлдээрэй. Мөн сурагч болмогц өөрийн цүнх, хичээлийн хэрэгсэлдээ эзэн болж, бүх зүйлийг өөрөө хийнэ гэдгийг ойлгуулан, бие даах чадварт сургах хэрэгтэй. Хүүхдийнхээ цүнхийг сонгохдоо биеийн жингийн 10-15 хувьтай тэнцэх хэмжээтэй авахыг санал болгоё. Жишээ нь, таны хүүхэд 20 кг жинтэй бол хоёр кг-аас хэтрэхгүй, даавуун материалтай, өргөн мөрөвчтэй цүнх авч өгөөрэй. Цүнх хэт хүнд байх нь хүүхдийн биеийн өсөлтөд сөргөөр нөлөөлнө. Мөн нэг мөрөндөө цүнхээ үүрч болохгүйг ойлгуулах нь чухал. Бас хэт богино оосортой цүнх амьсгалахад бэрхшээл учруулдаг тул суллах хэрэгтэй” гэв.
Бэлтгэсэн Б.Амарзаяа