Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор Боловсролын яамныханд шийдвэрлэх, өөрчлөх ажил тун их байна. Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцасны стандартыг шинэчлэх талаар ярьж эхлэв. Боловсролын сайд П.Наранбаяр өчигдөр Оёдлын холбооны төлөөллүүдтэй уулзаж, тус салбарын нөхцөл байдал, сурагчийн дүрэмт болон цэцэрлэгийн хүүхдүүдийн биеийн тамирын хувцасны талаар санал солилцсон юм. Яамны зүгээс дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, сурагчийн дүрэмт хувцсыг хүүхдийн хөдөлгөөнд нийцтэй, эцэг, эхэд санхүүгийн хүндрэл бага учруулахаар шийдвэрлэх саналтай байгаагаа уламжилжээ. Ингэхдээ поло цамцаар жигдрүүлэхээр зорьж буйгаа онцолсон байна. Дүрэмт хувцсанд поло цамцны сонголт бий болгохын тулд стандартад өөрчлөлт оруулах санал боловсруулах ажлын хэсэг байгуулахаар болжээ. Үүнд төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод болон эцэг, эхийн төлөөллийг оролцуулах аж. Дүрэмт хувцсыг солих ажлыг судалж, 2025-2026 оны хичээлийн жилээс хэрэгжүүлэх гэнэ.
Бэлтгэсэн Ч.Болор