Япон хүүхдүүд монгол ахуйтай танилцаж байна. Тодруулбал, Боловсролын яам, Япон Улсын Шизүока мужийн Боловсролын газар, Дорноговь аймгийн ЗДТГ-ын хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд багш, сурагч солилцооны хөтөлбөрийг энэ жил 13 дахь удаагаа хэрэгжүүлж байгаа аж. Үүний хүрээнд Шизүока мужийн албаны хүмүүс болон ахлах сургуулийн 20 сурагч, таван багш манай улсад иржээ. Тэд өдгөө Дорноговь аймгийн Сайншанд сумын ерөнхий боловсролын зургаадугаар сургуульд монгол хэл соёл, түүх уламжлал, ардын ёс заншил, боловсрол, урлагийн чиглэлээр хичээл үзэж буй аж. Энэ сарын 9-нийг дуусталх хугацаанд тэд тус аймаг дахь хүүхдийн “Жаргалан” зуслангийн үйл ажиллагаа болон нүүдэлчин айлын аж амьдралтай танилцах гэнэ. Түүнчлэн Улаанбаатар хотод хоёр өдрийн үйл ажиллагаанд оролцохоор төлөвлөжээ.
Бэлтгэсэн Ч.Зул