Индонез, Малайз, БНСУ, БНХАУ-ын тамирчид бадминтоны спортод давамгайлдаг, бараг л хаанчилдаг. Энэ төрөлд өөр тив, улсын тамирчид өндөр амжилт гаргах нь өдрийн од мэт ховор агаад тийм тохиолдол гарлаа ч нэг удаагийнх байх нь элбэг. Харин сүүлийн жилүүдэд Азийн бадминтончдыг дэлхийн тавцанд В.Аксельсен хэмээх тамирчин хашрааж байна.
Виктор Данийн Оденс хотод төржээ. Дани бол Европын бадминтоны төв гэж болохоор улс. Бадминтоны спорт бол даничуудын амьдралын салшгүй нэг хэсэг юм. Гэхдээ л дани тамирчин энэ спортоор дэлхийд тэргүүлэх нь цагаан арьст гүйгч 100 метрийн зайд өнгөт арьстнуудыг ардаа хаяхтай адил. Эсвэл африк гаралтай тамирчин ширээний теннисээр дэлхийн аварга болохтой адилхан бүтэшгүй гэмээр зүйл юм.
Гэвч В.Аксельсенийг энэ бүхнийг үгүйсгэж чадсан. Ямар нэг зүйлийг чин сэтгэлээсээ хүсвэл бүтэшгүй юм гэж байхгүйг тэрбээр өөрийн амжилтаар харуулж байна.
Түүнийг бага байхад эцэг, эх нь салжээ. Виктор аавтайгаа үлдсэн агаад аав нь бадминтоны улаан хэнээтэн байв. Хүү нь аавынхаа сонирхлыг өвлөж, 12 настайдаа клубийнхээ оны шилдэг тоглогч, 16 настайдаа дэлхийн залуучуудын аварга (эл амжилтыг үзүүлсэн анхны ази бус тоглогч) болж, 20 настайдаа буюу 2014 онд нутагтаа болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртэв.
В.Аксельсенд бүгд баяр хүргэж, амжилтынхаа оргилд хүрлээ гэцгээж байлаа. Учир нь үүнээс дээш илүү амжилт гаргах боломжгүй, дэлхий, олимпын дэвжээнд зөвхөн ази тамирчид л түрүүлэх ёстой. Гэвч Виктор үүнийг хүлээн зөвшөөрсөнгүй. Улам их амжилт гаргах, өрсөлдөгч нар нь юуны тухай ярьж байгааг ойлгох, дасгалжуулагч нартай нь ярилцах, номыг нь уншихын тулд хятад хэл сурч эхэлжээ. 2016 онд Бразилд болсон ДАШТ-ээс тэрбээр дахин хүрэл медаль хүртэв. Энэ үеэр тэрбээр бага зэрэг аялгатай хятад хэлээр ярилцлага өгч, тэр даруй олон сая хятад хүний анхаарал, хайрыг татсан байна.
Харин 2017 оны ДАШТ-д бадминтоны түүхэнд тодоор бичигдэх үйл явдал болов. В.Аксельсен аваргалах замдаа Япон, Финланд, Хонконг, Тайванийн тамирчдыг ялж, хагас шигшээ болон финалд БНХАУ-ын тамирчдыг хожжээ. Ийнхүү Оденсийн залуу дэлхийн аварга болж, мөн оныхоо есдүгээр сард дэлхийн чансааг тэргүүллээ.
Түүний амжилтын буухиа Токиогийн олимпод ч үргэлжилсэн. Олимпын турш тэрбээр нэг ч үед ялагдаагүй агаад финалд Риогийн олимпын аварга, агуу Чэнь Луныг 21:15, 21:12-ын харьцаатай илт илүүрхэн ялжээ. Тухайн үед дани залуу хятад хэл сураад долоон жил болсон байлаа. Харин БНХАУ-ын багийн дасгалжуулагч нар “Дани хэл сурах хэрэгтэй байна” хэмээн хошигнож байжээ.
Мэдээж тэрбээр Парист аваргалсан. Токиогийн олимпод өрсөлдөгч нартаа нэг ч үе алдаагүй гайхалтай амжилтаа ч давтав. Виктор энэ удаа финалд БНХАУ-ын тамирчныг бус, дэлхийн аварга, Тайландын К.Витидсарныг 21:11, 21:11-ээр ялжээ. Түүнээс өмнө олимпын хошой аварга цолыг БНХАУ-ын бадминтонч Линь Дань л хүртэж байсан. Өдгөө 30 настай В.Аксельсен дөрвөн жилийн дараа олимпоос дахин нэг удаа алтан медаль хүртэх өндөр магадлалтай. Өөрөөр хэлбэл, хятад тамирчдаас илүү гарах бас нэг боломж түүнд байна.