БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Говийн мазаалай баавгайг хамгаалах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх төсөл”-ийн хүрээнд өмнөд хөршөөс манай улсад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нийлүүлжээ. Эдгээр нь мазаалайтай холбоотой судалгаа шинжилгээ, хяналт мониторинг хийхэд ашиглах гэрэл зургийн болон ажиглалтын камер, дэлгэц, богино долгионы станц зэрэг төхөөрөмж юм байна. Монгол дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны газрын зөвлөх Ли Жин Зи холбогдох албан тушаалтан, судлаачдын хамтаар үүнийг Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргааны удирдлагад хүлээлгэн өгчээ.
Говийн баавгайг хамгаалах, амьдрах орчныг нь сайжруулах зорилготой энэхүү төслийг 2021 оноос хэрэгжүүлсэн юм. Үүний хүрээнд хоёр орны судлаачид мазаалайн тоо толгой, амьдрах орчин, тархац нутаг, идэш тэжээлтэй холбоотой иж бүрэн судалгаа, үнэлгээ хийжээ. Түүнчлэн говийн баавгайн тархац нутгийнх нь чанарыг үнэлэн, амьдрах орчны загварчлал боловсруулж, Говийн их дархан цаазат газрыг газар зүйн мэдээллийн системтэй болгосон байна.
Бэлтгэсэн Н.Мишээл