Зуднаар нохой бус, хүн “зоолдог” болсон гэдэг юутай үнэн бэ. 2023-2024 оны өвөл тохиосон их зуд улс төрчдөд сонгууль угтсан шоу хийх сайхан далим болов. Ерөөс улс төрчид сонгуулийн жил ойртоод ирмэгц мал, малчдадаа хайр зарлан хөдөөгөөр гүйлдэж, тэдний амьдрал ахуй, нийгмийн асуудалд урьд байгаагүйгээр санаа тавин, тэтгэж, дэмжиж, тусалж болох бүх хувилбараар “ойртон дотносох” арга сүвэгчилдэг юм. Тэгвэл парламентын ес дэх удаагийн сонгуулийн өмнөхөн Монгол оронд зудтай, зутруу өвөл тохиож, малчид хүнд сорилт бэрхшээлтэй нүүр тулсан нь улс төрчдөд энэ үйл ажиллагааг улам өргөжүүлж, “Байгалийн гамшигт үзэгдлийг эрсдэлгүй даван туулах чадавхыг сайжруулах”, “Орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих замаар хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх” зэрэг сайн сайхан зорилт бүхий малгайн дор санаснаа саадгүй хэрэгжүүлэх боломжийг олгов. Малчдын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, малжуулах хөтөлбөрийн санхүүжилтийг нэмэх, хөнгөлөлттэй нөхцөлтэй, хүүгүй зээл олгох санаачилгаар эхэлсэн төрийн хайр ивээл эцэстээ “Шинэ хоршоо” хэмээх нүсэр хөдөлгөөнийг үндэсний хэмжээнд, сонгуультай уралдан хэрэгжүүлэх хэмжээнд хүртлээ “задарсан” юм.
Манай улс 2021 онд Хоршооны тухай хуулийг шинэчлэн баталж, тавдугаар сараас нь хэрэгжүүлж эхэлсэн билээ. “Шинэ хоршоо” хөдөлгөөний сураг чимээ энэ үеэс дуулдах болсон. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар 2022 онд “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг эхлүүлж, хоршооллын салбарыг орчин цагийн хөгжлийн шинэ агуулгаар баяжуулан үндэсний хэмжээнд өрнүүлнэ” хэмээн сүр дуулиантай гэгч нь зарлаж байлаа. Харамсалтай нь, өмнөх Засгийн газар үүнийгээ ажил хэрэг болгож чадахгүй үүлгэртэж явсаар бүрэн эрхийнх нь хугацаа дуусах алдад, хөдөө аж ахуйн салбарт хямрал, гарз тохиосны хойно л сая нэг юм “амилуулсан”. Хэрэв тэд эл хөдөлгөөнийг хугацаанд нь эхлүүлж, гамшигт үзэгдлийг даван туулах малчдын чадавхыг сайжруулж, амьжиргааг нь дэмжих чиглэлээр үр дүнтэй ажлууд хийж чадсан бол хөдөө, орон нутгийн иргэд өнгөрсөн өвлийн зуднаар үлэмж их хэмжээний гарз хохирол амсах байсан уу гэдгийг ч бодууштай. Эрх баригчид эрсдэлээс сэргийлэх ажлуудыг өнгөрсөн хугацаанд ер хийгээгүй. Тиймээс хоршоолох хөдөлгөөнийг дэмжих нэрийн дор малчдад баахан мөнгө тарааж, гэмээ цайруулангаа сонгуулийн шоу хийсэн.
“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлэх “Шинэ хоршоо-чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газар энэ оны дөрөвдүгээр сард баталсан юм. Ингэснээр ес ба түүнээс дээш тооны малчид нэгдэн хоршоо байгуулж, гишүүн бүр нь 20-50 сая төгрөгийн, жилийн зургаан хувийн хүүтэй, 3-5 жилийн хугацаатай хөрөнгө оруулалтын зээл авах боломж бүрдсэн. Хамгийн гол нь хоршоологчид мал аж ахуйн чиглэлээр үйлдвэрлэл эрхлэх ёстой. Үйлдвэрлэлээ эхлүүлэх зээл авахын тулд тодорхой шаардлага, шалгуурт нийцүүлэн төсөл бичиж, харьяа газрынхаа банканд хүсэлт гаргах ёстой. Энд дурдаж буй мал аж ахуйн үйлдвэрлэл гэдэгт стандартын шаардлага хангасан хашаа, хороо, саравч худалдан авах, шинээр барихаас эхлээд бэлчээрт худаг, уст цэг гаргах, малын тэжээл, тэжээлийн ургамал тариалах, мах, сүү, цагаан идээ бэлтгэн боловсруулах, үржлийн мал бойжуулах, борлуулах, ноос, ноолуур, арьс, шир бэлтгэх, малчдын хөдөлмөрийг хөнгөвчилсөн техник, технологи, тоног төхөөрөмжийн дундын үйлчилгээ үзүүлэх, түүхий эдийн агуулах, зоорь ажиллуулах гэх зэрэг 14 чиглэлийн үйл ажиллагааг хамруулаад буй. Тэгвэл “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 25-наас хэрэгжүүлж эхэлснээс хойш энэ чиглэлүүдээр үйлдвэрлэл эрхлэх 4683 хоршоо байгуулагдсан гэж албаны хүмүүс мэдээлсэн. Хоршооны гишүүд болох 47 500 хүнд 210 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгосон гэх. Нэмээд 600 гаруй хүнд 27 тэрбум төгрөгийн зээл олгохоор шийдвэрлээд буй аж. Хоршоолох хөдөлгөөнд нэгдэж, зээл авсан иргэдийн тоо нийт малчдын 16 орчим хувьтай тэнцэж байна. Үндсэндээ гуравхан сар орчмын хугацаанд 48 мянга орчим иргэнд 240 гаруй тэрбум төгрөгийн зээл олгосон гэсэн үг. Эндээс манай засаг “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд “зорилтот бүлэг”-ийн иргэдэд асар богино хугацаанд их хэмжээний мөнгө тараасныг харж болно. Харин зээл олголт цаашид ийм байдлаар эрчимтэй үргэлжлэх үү, хоршоожих хөдөлгөөн хөдөө аж ахуйн салбарт үр өгөөжөө өгөх үү гэдэг нь тун бүрхэг байна.
Хоршоод хоршиж нэгдэн , нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулахуйц хэмжээнд үр ашигтай ажиллаж чаддаггүйн гол шалтгаан нь Монголд үйлдвэрлэл явуулах, бизнес эрхлэх таатай орчин, экспортыг дэ мжих бодлого бүхий экосистем байдаггүйтэй холбоотой.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хоршоологчдыг дэмжиж, хөдөө аж ахуйн салбарыг хөл дээр нь босгох нэрийдлээр үр ашиггүй төсөл, санаачилгад тэрбум тэрбум төгрөг зарцуулж, төсвийн мөнгийг салхинд хийсгэж байгааг учир мэдэх хүмүүс хэлж буй. Сануулж ч, анхааруулж ч байгаа. Хоршоологчдыг дэмжих хөдөлгөөнийг хамтран хэрэгжүүлж, малчдад зээл олгож буй Төрийн банкны тэргүүн дэд захирал нь хүртэл “Малчид эдийн засгийн мэдлэг, боловсролоо дээшлүүлэх хэрэгтэй. Төр засаг ч малчдын боловсролд анхаарах ёстой. Үгүй бол эцэс сүүлд нь аль аль нь алдагдал хүлээж, хохирно. Зарим нь авсан зээлээ тэр даруйд нь машин болгоод хувиргачхаж байна. Нөгөө хэсэг нь бизнесийн төлөвлөгөөгөө хүнээр бичүүлээд авчирч байна. Хүний бичиж өгсөн төлөвлөгөөгөөр бизнес эрхлэх боломжгүй. Тиймээс хоршоодод олгож буй зээлийн эргэн төлөлт, зарцуулалтад тавих хяналтаа сайжруулах шаардлагатай. ХХААХҮЯ, Зээлийн батлан даалтын сан энэ чиглэлд хамтран ажиллах нь зүйтэй” хэмээн анхааруулсан. Монголын мал зүйч, үржүүлэгчдийн үндэсний холбооны тэргүүн Л.Эрхэмбаяр зээл, туслалцаа нэрээр орон нутагт мөнгөөр “бороо оруулж”, малчдыг “эрхлүүлэх”-ийн оронд хөдөө аж ахуйн салбарт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд, олон жил дуншиж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдээ урагшлуулахад хөрөнгө зарцуулах нь ашигтайг сануулсан юм.
Үнэхээр л манай улсын хөдөө аж ахуйн салбарт асуудал, бэрхшээл аалзны тор шиг хэрчихсэн буй. Үүнийг эдийн засгийн тэргүүлэх салбар болгож хөгжүүлнэ гэж хэчнээн ч жил ярив. Гэтэл бодит нөхцөл байдалд махны экспорт, арьс, шир боловсруулах үйлдвэрлэлээ ч хөгжлийн гараанд хүргэж чадаагүй байгаа. Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжихээр хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн ч тээвэр ложистик, дэд бүтцээс эхлээд суурь асуудлуудаа ч шийдэж хүчрэхгүй суугаа. Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг “Шинэ хоршоо”-той хоршуулан урагшлуулна гэсэн ч эдгээрийн хүрээнд хийж буй ажлууд, гаргаж байгаа шийдвэрүүд уялдаа холбоогүй, зохицол нийцэлгүй байна. “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 3000 гаруй иргэн, аж ахуйн нэгжид 1.2 их наяд төгрөгийн зээл олгоод буй юм билээ. Гэвч зарцуулсан мөнгөний хэмжээгээр үр дүн, дэвшил гарсан уу гэвэл хангалтгүй. “Шинэ хоршоо”-ныхонд олгосон зээлийн хэмжээ ч хэдэн жилийн дараа үүний нэгэн адил их наядаар яригдаж, үр ашиггүй олон төсөл, хөтөлбөрийн нэр цаасан дээр л баримт болж үлдэхийг үгүйсгэхгүй.
Мал аж ахуйн үйлдвэрлэлд суурилсан хоршоо байгуулах нь манай улсын хувьд шинэ зүйл биш. 1921 оны хувьсгалын дараа “Ардын харилцан туслалцаа” хэмээх тодотголтой хоршоог 116 гишүүнтэйгээр байгуулж байсан түүх бий. Эдийн засаг, нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээ, хамтын удирдлага, хяналт бүхий, дундын эд хөрөнгөд үндэслэн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд үүнээс хойш цөөнгүй бий болсон юм. 2021 оны байдлаар гэхэд манай улсад 4500 орчим хоршоо 230 гаруй мянган гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байж. Хоршоод хоршиж нэгдэн, нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулахуйц хэмжээнд үр ашигтай ажиллаж чаддаггүйн гол шалтгаан нь Монголд үйлдвэрлэл явуулах, бизнес эрхлэх таатай орчин, экспортыг дэмжих бодлого бүхий экосистем байдаггүйтэй холбоотой. Үүнийг захын малчин хэлнэ. Наанадаж л малчид мал, мах, арьс, шир, сүү, цагаан идээгээ зах зээлд таатай нөхцөлөөр, саадгүй нийлүүлэх боломж байдаггүй. Улс ч мах, махан бүтээгдэхүүнээ тээг саадгүй экспортлох тээвэр ложистик, дэд бүтцээ шийдэж чаддаггүй. Энэ бэрхшээлийг шийдэж чадаагүй цагт мянга мянган малчныг хоршоололд нэгтгээд, “үйлдвэрлэл эрхэл” хэмээн тэрбум тэрбум төгрөг тараагаад нэмэргүй юм. Ган, зуд зэрэг байгалийн гамшигт үзэгдлийг даван туулах чадавхыг ч сайжруулж чадахгүй, хөдөө, орон нутгийнхны ахуй амьжиргаанд ч дөмөгхөн нэмэр болохгүй. Тиймээс “Шинэ хоршоо” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэгчид байгуулсан хоршооны тоо, тэдэнд олгосон зээлийн хэмжээгээр хийсэн ажлаа дүгнэх биш, энэ төрлийн хуулийн этгээдийг үр дүнтэй, ашигтай ажиллах экосистемийг бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Мөн үүнийг хойшдоо сонгуулийн жилүүдэд л “амилуулдаг”, малчдыг тойлох зорилготой “халамж”-ийн хэрэгсэл болгож ашиглахгүй байвал сайн сан. “Шинэ хоршоо”-нд шинэчлэл хэрэгтэй байна.
Бэлтгэсэн Н.Мишээл