Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн сайн дурын ажилтан Кавазои Шинсүкэ Буйр нуураас хясаа түүхгүй байхыг зөвлөжээ. Тус нуур орчмын жуулчны баазуудын ажилчид, бас тэнд амарч буй иргэд хясаа түүх нь олширсон тул ийнхүү анхааруулжээ. Учир нь Буйр нуурт амьдардаг Дагуурын сувдан хясаа (Dahurinaia dahurica), дэлт танан хясаа (cristaria plicata) нь Монгол орны “Улаан ном”-д орсон ховор зүйл юм байна. Тэдгээр нь 10-30 см урт, 200-1000 грамм жинтэй бөгөөд шохойлог бодисоос тогтсон хатуу хавтас нь нуур, голын ёроолын элсэнд шигдэн амьдрахад зохицсон байдаг аж. Хясаа нь хавтасныхаа завсраар цухуйх булчинлаг хөлөөрөө алгуурхан хөдөлж шилждэг бөгөөд энэ нь усны бохирдлыг цэвэршүүлэх, экосистемийн тэнцвэрийг хадгалахад чухал үүрэгтэй гэнэ. Тухайлбал, Буйр нуурын хясаа таван цаг тутамд 190 литр усыг цэвэршүүлдэг аж.