Манай орны ихэнх нутгаар хур бороо ихтэй өдрүүд үргэлжилж буйтай холбогдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас иргэдэд сэрэмжлүүлэг хүргэлээ. Нэгдүгээрт, үерийн эрсдэл ихтэй үед гол, нуурт сэлэхгүй, баталгаагүй гүүр, гарц, гармаар гарахгүй байж, амь, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалахыг анхааруулав. Хоёрдугаарт, хот, суурин газруудын суурьшлын бүс дэх гол, мөрний ус бохирдож, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн тул ундаалахгүй, орохгүй байхыг зөвлөлөө.
Тус газрын харьяа Усны хяналтын төв лабораториос Улаанбаатар хотын суурьшлын бүс дэх Туул, Дунд голын гүүрнүүдийн орчмоос өнгөрсөн хавар дээж авч шинжлэхэд аммонийн агууламж стандартын зөвшөөрөгдөх хэмжээнээс 1.4, химийн хэрэгцээт хүчилтөрөгч 3.34-29.33, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 4.28-37.6 дахин их гарсан гэнэ. Түүнчлэн Дунд голын Туулд цутгаж байгаа хэсэгт никелийн агууламж хүлцэх хэмжээнээс 3.65, кадми 6.42, хар тугалга 10.37, кобальт 2.23, хүнцэл 6.9 дахин өндөр байсан аж. Яармагийн гүүр, Тэрэлж, Дунд голын уулзвар орчмын Туул голын усанд халуунд тэсвэртэй, гэдэсний бүлгийн савханцар, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч бичил биетэн тус тус илэрснийг ч сануулав. Бороо ихтэй, хот, хөдөөгүй суурьшлын бүс үерт автсан өнөөгийн нөхцөлд гол, нууруудын ус улам бохирдсон байх магадлалтай тул халдварын эрсдэлээс сэргийлэх шаардлагатай гэлээ.
Бэлтгэсэн Н.Мишээл