Их, дээд сургуульд элсэх сурагч бүр монгол хэл, бичгийн шалгалт өгч, тэнцсэн байх шаардлага тавьдаг. Энэ нь сургуульд элсэх босго болдог билээ. Уг шалгалтыг сурагчид төгссөнийхөө дараа буюу элсэлтийн шалгалтын өмнө өгдөг. Үүнд тэнцээгүй нь наймдугаар сард дахин шалгуулж байгаа. Тэгвэл монгол хэл, бичгийн шалгалтыг сурагчдад 10 дугаар ангиасаа эхлэн өгөх боломжийг судалж, санал, шийдэл гаргах үүргийг Боловсролын сайд П.Наранбаяр холбогдох албаныханд өгсөн байна. Боловсролын сайдын шуурхай хуралдаан өчигдөр болох үеэр тэрбээр ийнхүү үүрэгдсэн байна.
Шуурхай хуралдаанаар мөн сургалт эрхлэх энгийн болон тусгай зөвшөөрлийг шуурхай шийдвэрлэж, хүнд сурталгүй ажиллах үүргийг холбогдох албаныханд өгчээ. Түүнчлэн барилгын ажил нь дуусах дөхсөн 11 сургуулийн санхүүжилтийг бүрэн шийдвэрлэж, есдүгээр сарын 1-нээс өмнө ашиглалтад оруулахыг даалгасан байна. Үүнээс гадна Боловсролын сайдын зөвлөхөөр нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Гантулгыг томилсныг танилцуулжээ.
Бэлтгэсэн М.Оч