Өнгөрөгч долоодугаар сарын 22-ны даваа гараг түүхэн дэх хамгийн халуун өдөр хэмээн тэмдэглэгдэх болсныг Дэлхийн цаг уурын байгууллага (WMO)-аас мэдээлэв. Тухайн өдөр дэлхий дахины агаарын дундаж температур 17.15 градус хүрсэн нь сүүлийн 84 жилийн хугацаан дахь дээд үзүүлэлт болж буй гэнэ. Үүнээс өмнө 2023 оны долоодугаар сарын 6-нд дэлхийн дундаж температур 17.08 градуст хүрч, дээд амжилтаар бүртгэгдсэнийг энэ жилийн долоодугаар сарын 21-нд тэмдэглэгдсэн 17.09 хэмийн үзүүлэлт эвдээд байж. Тэгвэл үүнээс нэг өдрийн дараа агаарын температур ахин 0.06 хэмээр дээшилсэн нь түүхэн үзүүлэлт болжээ. Ингэснээр 2024 оны долоодугаар сарын 21, 22-ны ням, даваа гараг цаг уурын түүхэн дэх хамгийн халуун, дараалсан өдөр болж байна.
Коперникийн нэрэмжит Уур амьсгал судлалын газар цаг агаар, уур амьсгалын хяналт мониторингийн ERA5 системд тулгуурласан мэдээллийн санг 1940 оноос ажиллуулж эхэлжээ. Үүнээс хойших бүртгэл, мэдээллийн сан дахь дээд үзүүлэлт нь долоодугаар сарын 22-ны 17.15 градус болсон тул мэргэжилтнүүд сүүлийн 84 жилийн хугацаан дахь рекорд гэж тодотгож байгаа аж. Тус системд бүртгэгдсэн мэдээллээс харахад 2023 оны долоодугаар сарын 6-наас өмнөх дэлхийн дундаж температурын дээд амжилт нь 2016 оны наймдугаар сарын 13-нд тэмдэглэгдсэн 16.8 градус байж. Харин өнгөрсөн жилийн долоодугаар сарын 3-наас энэ оны долоодугаар сарын 23 хүртэлх хугацаанд эл үзүүлэлтийг давсан 59 хоног тохиосон бөгөөд ихэнх нь 6-8 сард бүртгэгджээ.
Бэлтгэсэн Н.Мишээл